Д.Батцогт гишүүн ажлаа тайлагналаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хийв. Мөн тайлангийн хуралд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Я.Содбаатар, Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар нар оролцож сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2013 оны намрын чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, салбарын яамд болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд сонгогчдын санал бодлыг судлан холбогдох хууль тогтоомжид тусгах талаар санал боловсруулах, олон улсын байгууллага, гадаад орны төлөөлөгчидтэй уулзан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүдийг холбогдох мэдээллээр тогтмол хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирснийг Байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэлээ.
Мөн Байнгын хорооны даргын мэдээлэлд дурдагдсанаар, “Ээлжит намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо гишүүдийн 63.1 хувийн ирцтэйгээр нийт найман удаа хуралдаж, 12 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэг, Улсын Их Хурлын гишүүний асуултын хариу нэг, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, харьяа байгууллагуудын тайлан, мэдээлэл тав нийт 23 асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тус Байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажиллаж байна.
Хуулийн төсөлд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас сүүлийн жилүүдэд зардал гаргуулаагүй даатгуулагчдад урамшуулал олгох, цахим картын үйлчилгээг бий болгох, даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгож үйлчлүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих зэрэг асуудлыг шинээр тусгасан.
Хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь шинэчилж, эрүүл мэндийн байгууллага болон даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлагыг баталгаажуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээ, үйлчилгээний бодит өртөгт нийцсэн санхүүжилтийг даатгалын сангаас олгох, эрүүл мэндийн даатгалын сангийн төлөвлөлт, төсөвлөлт, зарцуулалтад хяналт тавих зэргээр боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм.
Төсөл санаачлагчид өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул тус Байнгын хорооны Ажлын хэсэг нэг төсөл болгон хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэлэлцүүлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан.