Д.Ганхуяг: Хувьцаагаа хадгалах нь өөрт ч, улсад ч ашигтай
2011.12.09

Д.Ганхуяг: Хувьцаагаа хадгалах нь өөрт ч, улсад ч ашигтай

-Ирэх оны төсвөөр сонгуулиар амласан нэг сая 500 мянган төгрөг нь хувьцаа болж хувирлаа. Бэлэн мөнгөний амлалт, хувьцаа гэдэг хоёр өөр зүйл байсан биш үү? Иргэдийн хувьд 1.5 сая төгрөгөө аваад, дээр нь хувьцаагаа авна гэсэн ойлголттой байсан.

-Намын мөрийн хөтөлбөр хууль ёсны болохоороо Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН нам олонх, АН цөөнх болсон. Ердийн жишгээр буюу Үндсэн хуульд зааснаар олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Цөөнх нь хянаж явдаг зарчимтай. Гэтэл хамтарсан засгийн газар байгуулагдсан. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө 1.5 сая төгрөг олгоно, стратегийн ордуудад хувьцаа эзэмшүүлнэ гэсэн хоёр заалтыг тусгасан байгаа. 2012 оны улсын төсөв баталсантай холбоотойгоор 2012 оны төсвийн тухай хууль болон дагаж гарч буй тогтоолд ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй тэнцэх хувьцааг иргэдэд олгох шийдвэр гаргасан.

Иргэд бэлэн мөнгөө авъя гэвэл хувьцаагаа мөнгөжүүлж болно.

Хувьцаагаа хадгалж байвал "Эрдэнэс таван толгой"-н хувьцааны 30 хүртэл хувийг Монголын болон олон улсын хөрөнгийн биржид зарах үед борлуулж болно. Борлуулахад "Ухаа худаг"-ийн бодит амьдралд тогтсон жишгээр 536 ширхэг хувьцааг хамгийн багадаа нэрлэсэн үнээр сая төгрөгийн үнээр зарж болно гэсэн үг. Тэгэхээр хувьцааг хадгалж байх юм бол нэг сая төгрөгөөс хэзээ ч доош орохгүй, 3-4 сая төгрөг болно гэсэн таамаглал бий. Гэхдээ үүнийг хэн нэгэн улс төрч, аль нэг Засгийн газар тогтоох боломжгүй. Хөрөнгийн биржид хувьцаа гаргах үед хувьцаа эзэмшигчид тогтоодог жамтай. Нөгөө асуудал "Хүний хөгжил сан”-гийн хуульд 2012 оны долдугаар сарын 1 хүртэл 21 мянган төгрөгөө өгдгөөрөө өгнө. Бас энэ хуульд зааснаар "Эрдэнэс МГЛ" компани дээр стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг нэгтгээд тэндээс давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ гэж заасан. Энэ хувьцааг насан туршдаа ногдол ашиг аваад явна.

Хувьцааг хоёр ялгаж ойлгох хэрэгтэй.

Нэг сая 500 мянга бол бэлэн мөнгөний асуудал. Хувь, хувьцаа гэдэг нь Үндсэн хуулийн ашигт малтмал ард түмний өмч гэдэг заалтыг баталгаажуулж байгаа хэрэг. Иргэд "Эрдэнэс таван толгой"-н хувьцааг ч, Эрдэнэт, Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо гэх мэт монголын нийт 15 стратегийн ордуудын төрийн мэдлийн эзэмшилд давуу эрхийн хувьцааг эзэмшээд явна.

-536 ширхэг хувьцаа хамгийн багаар бодоход нэг сая төгрөг гэж байгаа. Тэгвэл 1072 ширхэг хувьцаа гэж  байгааг хоёр сая төгрөг гэж ойлгож  болох уу?

- 39 дүгээр тогтоолд иргэдэд арван хувийг үнэгүй, үндэсний аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр арван хувийг өгөх тухай заасан. Өөрөөр хэлбэл үнэгүй хуваарилаад нэрлэсэн үнээр" заруулах бодлогыг бараг хоёр жилийн өмнө гаргасан. Эндээ мөнгөний нийлүүлэлт, инфляци зэргийг харгалзан аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр худалдаад авчихвал төрд ачаалал ирэхгүй юм гэж урьдчилж харж, 39 дүгээр тогтоол гаргасан. Гэтэл 39 дүгээр тогтоолын хэрэгжилт байдаггүй ээ. Засгийн газар 1.5 сая төгрөг бэлнээр нь тараая гэж УИХ-д оруулж ирсэн ч УИХ хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу явна гэдгийг шийдсэн. Ингэснээр Монголын ард түмэн газрын хэвлийн баялгаа өмчлөх эрх нь баталгаажиж байгаа юм.

Эдгээр хувьцааг хадгалах тусам үнэ нь нэмэгдэнэ.

Үүний цаана давхар бодлого ч бий. Хэдхэн хүмүүс, дарга нар хувь эзэмшдэг байх юм бол гадныхан энэ хүмүүстэй ярьж шийдчих боломжтой болно. Харин 2,8 сая иргэн хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авдаг бол иргэний хяналттай ил тод хариуцлагатай уул уурхай хөгжих боломж нээгдэнэ. Мөн иргэд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болох юм.

-Оюутнууд 21 мянган төгрөгөөр 500 мянган төгрөгөөр авч байна. Нэг сая төгрөгөө хоёр жил дараалан сургалтын төлбөртөө авч байгаа. Тэгэхээр хувьцаа авах боломжгүй болж байна уу?

-    Нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг 2 дугаар сарын 1-ний дотор тараана. Хувьцаагаа мөнгө болгоё гэвэл ээлж дараатай өгнө гээд эрхийг нь нээгээд өгчихсөн. Оюутнууд нэг сая төгрөгөө
сургалтын төлбөрт аваад байна. 500 мянган төгрөгөө ирэх оны долдугаар сарын 1 хүртэл cap бүр 21 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн авах юм. Гэхдээ үлдсэн мөнгөндөө хувьцаа авах эрх нээлттэй.

-Үлдсэн мөнгө нь 250 мянга орчим төгрөг байгаа. Тэгэхээр энэ мөнгөндөө гэсэн  үг үү?

- Тийм. 250 мянган төгрөгтөө хувьцаа авах эрх нь нээлттэй гэсэн үг.

- Брокер дилерийн нэрийн дансанд нь 536 ширхэг хувьцаагаа байршуулсан оюутан яах вэ?

- Брокер дилерийн дансанд ороогүй. Одоогоор "Хүний хөгжил сан"-гийн дэвтэрт л бичсэн байгаа. Иргэн бүрт ухаалаг үнэмлэх өгнө. Үүнд тухайн хүний нийгмийн даатгалын шимтгэл гэх бүх мэдээлэл нь орно. Тэрэнд нь та төдөн ширхэг хувьцаатай боллоо гэдэг мэдээлэл бас орно.

-Оюутнууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 70 мянган төгрөгийн тэтгэлэг авна. 21 мянган төгрөгөө давхар авах уу?

- Хуулиараа л явна. "Хүний хөгжил сан”-гийн тухай хуулиар  иргэн бүр 21 мянган төгрөгөө авах эрх нь нээлттэй байгаа. Тэтгэлэг өгөх хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ.

- Яг одоо бол иргэдэд бэлэн мөнгө хэрэгтэй байгаа. Бэлэн мөнгөө авсан нь илүү гэж үзэх хүмүүс бас цөөнгүй байх шиг байна?

-Ард түмэндээ "хувь хишиг хүртээе, Ингэхдээ хувьцаагаар ч байж болно, бэлэн мөнгөөр ч байж болно гэж байгаа юм. Ардчилал гэдэг бол сонголт. Бэлэн мөнгөө авна уу, хувьцаагаа авна уу гэдэг өөрсдөө мэдэх асуудал. Тэрийг л хуулиар нээж өглөө. Өөрсдийгөө ч бодсон Монгол Улсаа ч бодсон хувьцаагаа байлгаж байх нь ашигтай. Тиймээс иргэн бүр сэтгэлтэй хандах хэрэгтэй. Нэрлэсэн үнэ гэж хамгийн доод үнэ. Хувьцааны үнэ 3-4 сая төгрөгт хүрэх магадлалтай. 2 сарын 1-ний дотор үнэт цаасны эрхийг тараана. Тэрнээс хойш иргэд нэг сая төгрөгөө авах уу, хувьцаагаа хадгалах уу гэдгээ шийднэ.

-Хувьцааны үнэ 3-4 сая төгрөгт хүрэх баталгаа бий юу?

-Өнөөдөр сая төгрөгийн хувьцааны нэрлэсэн үнийн хамгийн доод баталгааг гаргаж өгч байгаа юм. Цаашдаа гурав дөрвөн сая битгий хэл 10 сая ч хүрнэ." Эрдэнэ МГЛ"-ийн давуу эрхийн хувьцаа өсөх магадлал өндөр. Үеийн үед үргэлжилнэ. Ер нь хувьцааны үнэ маш их хэлбэлзэлтэй байгаа. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлийн хямралтай холбоотой хэлбэлзэж байна. Хятадын эдийн засаг зогсонги байдалд орчихлоо. Гэхдээ нэг бодит жишээ бий. Хөрөнгийн биржид байгаа нэг ширхэг хувьцааны үнэ, IPO хийх буюу тодорхой хувийг гаргаж зарах хоорондоо шал өөр. Бодит жишээ хэлэхэд Ухаа-Худагийн 20 хувь нь 650 сая ам.доллараар зарагдсан. Тэр чинь энэ компани бол ерөнхийдөө 3,3 тэрбум ам.доллартай гэсэн үг.

Өөрөөр хэлбэл "Ухаа-Худаг"-т Тавантолгойн коксжсон нүүрсний 18 хувь бий.


Энэ хувь л 3-4 тэрбум болсон байна. Зөвхөн нөөцийн 270 сая тонныг 15 ам.долларын ашигтай гэж бодоход л ийм тооцоо гарч байна. Энэ утгаараа нэгж хувьцааны үнэ 5-6 ам.доллар байна. Тэгээд л хувьцааныхаа тоогоор үржүүлээд үзэхээр 2500 ам.доллар орчим болж байгаа. Цаашдаа ч үнэ хүрэх боломжтой. Зах зээл бол байгалийн хууль. Эрэлт нийлүүлэлт дээр оршдог. Тиймээс иргэд ямар ч байсан сая төгрөгийн хувьцаатай юм байна. Хадгалаад байвал хувьцааны үнэ цэн хэд дахин нэмэгдэх юм байна гэсэн ойлголттой байх хэрэгтэй. Таван толгойн 30 хувийг IPO хийхэд жинхэнэ үнэ нь хөрөнгийн биржийн үнээр тогтоно гэж ойлгох хэрэгтэй. Манай иргэдийн цалин тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа. Тийм учраас "Эрдэнэс таван толгой"-н хувьцааг зарж борлуулж болохоор, харин "Эрдэнэс МГЛ"-ийнхийг ногдол ашиг авч байхаар зохицуулсан юм. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.