Д.Очирбат:Эмэгтэйчүүдийн квотыг 28:48-ийн алинд нь оруулахаа тохироогүй
2011.12.07

Д.Очирбат:Эмэгтэйчүүдийн квотыг 28:48-ийн алинд нь оруулахаа тохироогүй

УИХ-ын гишүүн Д. Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хэсэг ахалж байсан хүний хувьд Сонгуулийн тухай хуульд энэ асуудлыг хэрхэн оруулж байгаа талаар ямар байр, суурьтай байна?

-Сонгуулийн тогтолцоонд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь улс төрчдийн хувьд том асуудал. Өнөөдөр парламентын төвшинд гурван эмэгтэй гишүүн байна гэдэг хэтэрхий бага юм. Эмэгтэйчүүдэд 15-20 хувийн квотыг хуульчилж өгөх ёстой гэж бид өмнө нь ярьж байсан. Холимог тогтолцооны аль хэсэгт байх вэ, 48:28-ын алинд нь оруулахаа тогтоогүй. Өмнө нь бид 15 хувийн квот өгөөд явуулдаг байсан. Яг сонгогдоод гараад ирэхдээ квотын зөрүү үүсдэг шүү дээ.

-АН, ИЗ-НН эмэгтэйчүүдэд 25 хувийн квот олгоё гэсэн байр, суурьтай байгаа. МАН Бага хурлаараа эмэгтэйчүүдийн квотын асуудлыг ярьсан уу?

-Эмэгтэйчүүдийн улс төр дэх квотыг 15-20 хувь байлгая гэж шийдвэрлэсэн. Энэ асуудлыг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа сонгогдон ажиллаж байгаа. Эмэгтэй хүн намын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн байна гэж дүрэмдээ оруулсан нь бүтэц, бодлогодоо жендэрийн асуудлыг барьж байгаагийн нэг хэлбэр.

-Нийслэлийн мандатын тоог нэмсэн. Дахиад ч бас нэмэх шаардлагатай гэж зарим хүн хэлж байгааг юу гэж үзэж байна?

-Манай улсын хүн амын 45 хувь нийслэлд суудаг. Газар нутгийн хувьд маш бага хувийг эзэлдэг. Гэтэл Үндсэн хуульд газар нутаг хүн амынх нь тоог харгалзаж мандат олгоно гэж бий. Тиймээс мандатын 45 хувийг Улаанбаатар хотод өгөх ёстой гэж нийслэлээс сонгогдсон гишүүд үзэж  байгаа. Хэлэлцүүлгийн  явцад нийслэлд ногдох мандатыг 14 хүртэл хувиар нэмэгдүүлсэн.

-Гишүүд сонгуулийг шударга явуулахын тулд машинаар санал тоолох ёстой гэж үзсэн. Харин та ямар үндэслэлээр эсэргүүцэж байна?

-Машинаар санал тоолохыг би анхнаас нь дэмжээгүй. Машиныг зохиосон программ хангамж, удирдаж зохион байгуулж байгаа болоод гацах асуудал хүмүүстэй холбоотой.

Тодорхой хэсэг нь машинаар тоолохыг дэмждэг ч эргээд хэрэггүй юм байна гэж хэлдэг.

Электрон хэлбэрт шилжүүлэх нь ажил хөнгөвчилнө, шуурхай гэж ярьж байгаа ч эцсийн эцэст арваараа барьж алгаараа хараад тоолж байгаа тэр механизм илүү шударга. Машин бол маргаантай.

Эх сурвалж
Зууны мэдээ, Ч.Зотол