М.Аззаяа: "Орон нутгийг хөгжүүлэх залуусын хөдөлгөөн"-ийг зохион байгуулав
"Оюуны эрэл" оюутны холбоо ТББ-ийн гадаад харилцааны менежер М.Аззаяа.
2014.02.17

М.Аззаяа: "Орон нутгийг хөгжүүлэх залуусын хөдөлгөөн"-ийг зохион байгуулав

"Оюуны эрэл" оюутны холбоо ТББ-ийн гадаад харилцааны менежер М.Аззаяатай ярилцлаа.

- “Орон нутгийг хөгжүүлэх залуусын хөдөлгөөн”-ий зорилго юу вэ?

“Оюуны эрэл” оюутны холбоо ТББ олон чиглэлээр нийгэмд үйл ажиллагаа явуулдаг. Холбоо маань өв тэгш мэдлэг чадвартай, ёс суртахуунлаг залуусыг нийгэмд бий болгох зорилготой. Залуу хүн нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, асуудлыг биеэрээ мэдэрч бусдад тусалж явснаар нэгдүгээрт бусдад үлгэр болж, хоёрдугаарт өөрөө зөв хүн болж нийгэмд төлөвшдөг.

Тиймээс манай холбоо 2010 оноос орон нутгийг хөгжүүлэх залуусын хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулж эхэлсэн. Учир нь орон нутагт залуучуудын хөгжил хурцаар тавигддаг. Энэ удаа бид оюутны амралтын үеэр 2014 оны нэгдүгээр сарын 10-наас 29-нийг хүртэл таван аймгийн таван сумыг хамрууллаа. Тодруулбал Сэлэнгийн аймгийн Түнхэл тосгон, Орхон аймгийн Баян-Өндөр, Өвөрхангайн Хархорин, Төв аймгийн Баян сум, Дорнод аймгийн Чойбалсан хотуудаар яваад ирлээ. Өмнө нь очоогүй газруудыг сонгоё гэж бодсон ч орон нутгийн хол ойрын болон оюутнуудынхаа амралтын хугацаанаас хамааран амжсангүй.

Оюутнууд маань энэ удаад 18 төсөлт ажлыг хийж, 10 лекцийг 100 удаа уншиж нийт 1500 орчим сурагч, 80-аад ажилчдыг хамрууллаа.

- Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад бэрхшээл гардаг уу?

80 настай хараагүй хөгшинд туслав

Олонхи нь бидний ажлыг мэддэг учраас сайхнаар хүлээн авдаг. Зарим тохиолдолд хамтран ажиллахад хүндрэлтэй зүйлүүд тохиолддог нь бодит асуудал. Гэхдээ оюутнууд маань үүнд шантардаггүй зорилгоо төлөвлөгөөгөө бодон гүйцэтгэл сайтай багийн ажиллагааг хийж чаддаг. Эхлээд оюутнууд орон нутаг руу 21 хоногоор явдаг байсан бол энэ удаа таван баг тус бүр долоо хоногоор яваад ирсэн. Илтгэх урлагт мэргэшсэн оюутнууд мэргэжлийн болон хувь хүнийг хөгжүүлэх лекцүүдийг уншдаг.

Дунд сургуулиа төгсөж буй сурагчдад мэргэжлээ сонгоход нь тусалдаг. Залуусын харилцааны доголдолтой байдал болон хортой зуршлуудаас салгах, нийгэмд хандах хандлагад эерэгээр нөлөөлөхийг зорьдог. Түүнчлэн “Сэтгэлийн дэм”, “Цай юу аарц уу?”, “Манай байр – Миний гэр” гэх мэт төсөлт хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.

“Сэтгэлийн дэм” хөтөлбөрийн хүрээнд багийн дарга нартай хамтраад тусламж хэрэгтэй айл өрхүүдэд тусалдаг. Тухайлбал 80 настай, хараа муутай, ганцаараа амьдардаг хөгшинд орон нутгийн удирдлагатай хамтраад шинэ гэр барьж өгсөн. Мөн амьдралын боломж тааруу айл өрхүүдэд тухайн орон нутгийн ард иргэдтэй хамтран тусламж илгээсэн.

- Багуудыг ямар шалгуураар бүрдүүлдэг вэ?

Энэ жилийн арга хэмжээнд 23 оюутныг таван баг болгож хамруулсан. Өмнө нь ажиллаж байсан туршлагагтай залуучуудаар шинэ хүмүүсийг ахлуулж, туршлага солилцуулах маягаар багийг бүрдүүлсэн.

- Хөдөөд боловсролын асуудал хүнд байдаг. Таны бодлоор уг асуудлыг шийдэхэд залуучуудын зүгээс хувь нэмрээ оруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Амьжиргааны асуудлаас болоод хөдөөд боловсролгүй залуучууд цөөнгүй. Ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд сургуулийн багш нар түлхүү үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл сургуульд суралгүй ажил хийдэг залуус сүүлийн жилүүдэд олширсон. Үүнтэй холбоотой энэ удаад манай оюутнууд модны үйлдвэрт ажилладаг 40 орчим залууст лекц уншсан.  Үйлдвэр гэр хоёрын хооронд өдөр хоногийг өнгөрөөдөг тэдний хувьд бидний лекц маш ховор болсон гэж тэд ярьж байсан. Үүнтэй адилаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжгүй залуучууд орон нутагт олон гэж бодож байна. Энэ асуудлыг шийдэхэд бидний оролцоо чухал нь гарцаагүй.

“Оюуны эрэл” оюутны холбоо олон чиглэлээр сайн дурын ажил хийдэг ч нийгэмд хүчтэй нөлөөлөх түвшинд хараахан хүрч чадаагүй байна. Гэхдээ бидний ажил тасралтгүй тогтмол явагддаг болохоор үр дүн гарна гэдэгт эргэлздэггүй.

Эцэст нь бидэнтэй хамтран ажилладаг хувь хүмүүс, албан байгууллага, аймаг, сумдын удирдлагууддаа талархаж явдагаа илэрхийлээд мөн зарим удирдлагуудад хандаад залуусаа дэмжиж ажиллаарай гэж хэлмээр байна.

Баярлалаа.

Хөгжлийн эзэд багийн гишүүн  Э. Батэрдэнэ

Орон нутгийн хөгжлийг дэмжих залуусын хөдөлгөөний хүрээнд орон нутагт анх удаагаа ажиллалаа. Манай “Хөгжлийн эзэд” багийн хувьд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд долоо хоног ажиллалаа. Явахаасаа өмнө би дараах зорилтуудыг өмнөө тавьсан.

  1. Өөрийгөө олны өмнө зөв илэрхийлж сурах
  2. Багаар ажиллаж сурах
  3. Өөрийгөө хэн бэ, хаана явна вэ гэдгээ олох

Оюуны эрэл оюутны холбоог төлөөлөн явж байгаа учраас тухайн орон нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих, орон нутгийн иргэд болон ААНБ-уудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн сургуулийн сурагчдыг үйл ажиллагаандаа яаж хамруулах вэ гэсэн асуудлууд толгойд эргэлдэж бага зэрэг айдастай байсан. Өөрөөр хэлбэл үүрэг хариуцлага гэдэг зүйл бид нарын нуруун дээр ирсэн.

Түнхэл тосгонд очоод Засаг дарга, соёлын төвийн эрхлэгч, сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн захирал зэрэг олон хүмүүстэй уулзаж өөрсдийн зорилго, үйл ажиллагаагаа танилцуулж явахад сурч авсан зүйл их бөгөөд хүнтэй хэрхэн харьцах, өөрийгөө хэрхэн танилцуулах талаар бага ч болов туршлагатай болсон гэж бодож байна. Дараагийн өдрүүдээс эхлээд сургууль дээр ажиллалаа.

Манай багийн гишүүн бүр лекц уншиж, сурагчдыг идэвхжүүлэх төсөл хөтөлбөр, хөгжөөнт тэмцээн уралдааныг зохиож сурагчдыг оролцуулахын хажуугаар өөрсдөө давхар хөгжиж байсан. Миний хувьд олны өмнө гарч юм ярихаас жаахан эмээдэг байсан. Долоо хоногийн богинохон хугацаанд маш үр дүнтэй, завгүй, шаргуу хөдөлмөрлөж, олон зүйлийг сурч мэдлээ. Багийн эв нэгдэл, дотоод уур амьсгал сайн байвал ямар ч саад бэрхшээлийг давдгийг мэдэж авсан.

Энэ ажилд оролцсоноор би дараах зүйлсийг олж авлаа.

  1. Олны өмнө өөрийгөө илэрхийлэх.
  2. Хүнтэй харьцах арга барилд суралцсан.
  3. Аливаа зүйлийг олон талаас нь харахыг хичээдэг болсон.
  4. Багаар ажиллаж сурсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.