Хятадын зах зээлд монголын нүүрс хэрэггүй болж байна.
2013.12.23

Монголын нүүрс зах зээлээс шахагдаж байна

Монгол Улс энэ онд 15,9 сая нүүрс экспортолж, өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар буурчээ. Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлт өссөнөөр нүүрсний үнэ буурч, манай улсын экспортын хэмжээ багассан гэсэн тайлбарыг Ашигт Малтмалын Газраас өгч байна. Түүнчлэн тээвэрлэлтийн зардал нь экспорт буурахад нөлөөлсөн гэж үзэж байна.

12 сарын нэгний байдлаар 28,6 сая тонн нүүрс олборлосон ч экспорт буурсан нь тээврийн зардал, нүүрсний чанар, зах зээлийн өрсөлдөх чадвартай холбоотой. Өнгөрсөн онд манай улс 20,9 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ үзүүлэлт 2013 онд 25 хувиар буурчээ.

Монголын Уул Уурхайн Ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа:

Тээвэрлэлт байхгүй учраас тогтмол нийлүүлэлт байхгүй, өрсөлдөх чадвар алга. Экспорт буурсан нь үүнтэй холбоотой. Австрали зах зээлээ алдахгүйн тулд тээврийн зардлаа хэмнэж, нөөц ашигласны татвараа тэглэчихлээ.

Монголын урд хөршдөө нийлүүлэх нүүрс багасаад ирэхээр ОХУ, Канад, Америк зэрэг орнууд Хятадад нүүрсээ зараад эхэлж байна. Тэгэхээр бид зах зээлээс шахагдаж таарна. Өмнө нь Хятадын зах зээл Монголын нүүрсний нөөцийг шавхах нь гэж болгоомжилдог байсан бол одоо эсрэгээрээ авахаа больчихлоо.

Он дуусахад 32,8 сая тонн нүүрс олборлож, 18,6 саяыг нь экспортлоно гэж Уул Уурхайн Яамнаас тооцоолжээ. Харин ирэх оны нүүрсний экспортыг 25-30 сая тоннод хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Хятадын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэхгүй байгаа нь ирэх оны төсөөллийг биелүүлэхэд саад болж байна гэж Ашигт Малтмалын Газраас мэдээллээ.