Монгол хэл, уламжлалт бичиг үсэг тусгаар тогтнолын мөнхийн баталгаа мөн
Судлаач, Профессор Түвдэнгийн Молотов
2014.01.28

Монгол хэл, уламжлалт бичиг үсэг тусгаар тогтнолын мөнхийн баталгаа мөн

Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг  бидний амьдарч буй эрин хүртэл тээж авч ирсэн оюуны үнэт өв Монгол  хэл, бичиг, үсгийн  тухай   бичмээр санагдаад ерөөс болдоггүй ээ.

Юуны түрүүнд Монгол хэл, бичиг үсгийн түүхэн  хөгжлийн талаар товч өгүүлсү.

 Их эзэн Богд Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол үндэстэн (Монгол угсаатан ) гэж оршин байх үндсийг тавьсан XIII зууны эхнээс эхлээд  монгол бичгийг монгол хэл,  аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирсэн нь  түүхэн үнэн.

Өгүүлэн буй тэр л үеэс Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга  нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж үздэг. Үүнээс Төрийн албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг  агаад  Монголчууд эхэндээ  уг бичгийг  "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан аж.

Түүнчлэн монгол бичгийн  онцлог шинжүүд  хийгээд  бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монголбичиг гэж олон янзаар нэрлэх явдалч  байсан  хэмээдэг. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлогтой ба  мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй байдаг.

Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь XIII зуунд урласан Санкт-петербург хотын Эрмитажид хадгалагдаж буй  Чингисийн чулууны бичиг хэмээн эрдэмтэд, судлаачид үздэг. Мөн түүнчлэн Ватиканы нууц архивт байгаа 1246 онд Гүюг хаанаас Ромын Пап ламтанд илгээсэн албан захидал, Парис хотноо хадгалагдаж буй 1295 онд Ил хан Аргунаас Францын ван Гоо Филиппэд илгээсэн захидал, Дэлхий нийтийн энх амгалангийн тухай агуулга бүхий 1295 онд Ил хан Өлзийтөгс Францын ван Гоо Филиппэд илгээсэн албан захидал  нь  Ватикан, ОХУ, Франц, Хятад, Солонгос, Иран зэрэг  улс оронд уг эхээрээ  монгол бичгээр  хадгалагдан  буй нь зөвхөн монголчуудын хэл бичиг , түүх соёлын дурсгал болоод зогсохгүй  дэлхийн дипломат харилцааны түүхэн  баримтууд юм.

Монгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасралтгүй үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл  хуудаснуудын боодол гэрчилж буйг тэмдэглэлтэй.

XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болж тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүш бол XVI зууны Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргасан хэмээдэг.

Аюуш гүүшийн  шавь нар 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн гэх бөгөөд  Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг  “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэцэн дайчин хиа, багш байсан бололтой.

Аюуш гүүш Юан улсын үед Шаравсэнгийн монголчилсон “Хутагт Банзрагч хэмээх таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн “Хутагт цагаан шүхэрт”, “Хар хэлэн нэрт” зэрэг номыг XVI зуунд монголчилсон аж.

Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай юм билээ.

Ер нь хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци хэмээдэг. Үүнээс  гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Аливаа тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг  хэмээдэг.  Эдүгээ дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншил ч   буй  билээ.

Бид  монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэж ирсэн.  Монгол бичгийн бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг ба  гэхдээ бид Англи хэл дээр ч бичлэг, дуудлага хоёр зөрүү ялгаатай  байдгийг  мэдэж буй .  Энэ нь Англи хэлийг дэлхийн олон нийтийн харилцааны гол хэл болоход, хэрэглэхэд ямар ч саад нөлөө үзүүлээгүй байгаа юм.  Үүнтэй адил  Монгол хэлний дүрэм, эгшиг зохицох ёсыг  мэдвэл  бичлэг болон  дуудлагын зөрүүг ойлгоход  хэцүү биш ээ . Монгол бичгээр  ямарч гадаад хэлний үгийг  дуудлага болон бичлэгээр нь зөв тэмдэглэх бүрэн боломжтой. Монгол бичиг нь нийгмийн хэрэглээний шаардлагыг төгс хангасан бичиг  бөгөөд жишээлэхэд: Монгол бичигт  ёслол хүндэтгэлд хэрэглэх хичээнгүй хэлбэр, яаруу давчуу үед  хэлсэн болгоныг тэмдэглэх  түргэн буюу таталган хэлбэр,  урлал чимэглэлд хэрэглэх олон зүйл эвхмэл хэлбэрүүд нь тогтолцоотой хөгжиж ирсэн аж.

1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион боловсруулсан ажээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн агаад  тухайлбал  Их,  бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн нь түүний  гавъяа юм.

Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой хэмээн үздэг.

Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үе шат  болгон   үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж буй билээ.

 Тэрхүү хөгжлийн үечлэлийн  онцлогийг монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ”Монгол хэлнүүдийн харьцуулсан хэл зүй” хэмээх номдоо: “Нэгдүгээр үе нь 13 дугаар зууны эцсээр төгссөн бөгөөд энэ үед монгол бичиг үсгийг гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ. ...  Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн бичиг хэрэгт үргэлжлэн үйлчилж мөн бурхан шашны ном судрыг монгол хэлэнд орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн адил уйгар үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгаржин монгол үсэг гэж нэрлэдэг байна. Хуучин монгол бичгийн хэлний хөгжлийн гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь үлэмжхэн өөрчлөгдсөн байна. ...Энэ бүгдийн үрээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон хэрэглэж БНМАУ-ын монголчууд одоо хүртэл хэрэглэсээр байна”  хэмээн  тодорхойлсон байдаг.

Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн агаад Билгүүн номч академич  Бямбын Ринчен гуай  “Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ”  хэмээн  Монгол Улсын Төрийн шагналт,  гавьяат багш,  хэл шинжлэлийн  ухааны доктор, Профессор  Ш. Чоймаа галиг үсгийн тухайд бичжээ.

Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн гуай бас бичсэн.

 Ийнхүү Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол  бичгийг Төрийн бичиг болгож  мянган жилийн тэртээгээс өдгөөг хүртэл  өртөөлөн  ирсэнийг цухас өгүүлэхийн ялдамд  санал бодлоо уншигч олонтойгоо хуваалцсу.

Саяхан Улсын их хурлын нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн  төсөл санаачлан боловсруулсаныг  талархан  дэмжиж  буйгаа илэрхийлэхийн хамт уг хуулийн төслийг  олон нийтээр хэлэлцүүлэн саналыг  сонсож буйдтай холбогдуулан  бодол саналаа томъёолон тодорхойлжхэлье.

Нэгэн зүйлийн санал:

  Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн”  гэж  заасан байх тул улам нарийвчлан тодотгож  Монгол хэлний тухай хуулийн төслийн Гуравдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн бичиг үсгийг сонгон хэрэглэх гэсэн зүйлд “Уламжлалт монгол бичиг болон  кирил бичгээр төрийн албан бичиг,  хэргээ  үйлдэж болно ” гэсэн заалтыг нэмж  оруулах;

Нэгэн зүйлийн санал:

 Мөн Гуравдугаар бүлгийн 7.2 дугаар  зүйлд Уламжлалт монгол бичгийн хэрэглээг төрөөс урамшуулан дэмжиж, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас эхлэн төгсөх хүртэлх хугацаанд уламжлалт монгол бичгийг тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана гэж тусгасан заалтыг өөрчлөн Уламжлалт Монгол бичгийг ерөнхий боловсролын сургуулийн  нэгдүгээр ангиас эхлэн  төгсөх  хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй сургана ” гэсэн заалт оруулах саналтай байна.  Учир юу хэмээвээс манай мэргэжлийн  багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэд, судлаачид  монгол бичиг үсгийг  хүүхдийг сургуульд элсэн орох хүүхэд ахуй цагаас сургаж эхлэх нь  танин мэдэхүйн чухал ач холбогдолтой  болохыг   амьдрал,  практик  дээр судлан тогтоосоныг   хуульсанаачлагчид  эрэгцүүлэн бодож эргэн харна  гэдэгт итгэж байна.

Монгол хэл,  уламжлалт бичиг үсэг  бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын   мөнхийн баталгаа мөн.

Үндэсний уламжлалт  бичиг үсэг  маань түгэн дэлгэрэх болтугай !

Судлаач, Профессор Түвдэнгийн Молотов

Утас: 99166910, 88166910