Уран бүтээлчид хүний эрхийн төлөө
Урлагийн хүнд үзүүлэх нөлөө асар их. Урлаг өөрөө олон мянган хүнд бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалах сэтгэл төрүүлж, бусдын төлөө өөрийгөө зориулж чадах зоригтой болгох хүчирхэг зэвсэг. Уран бүтээлчид эрх баригчдын дарамт шахалтанд өртөх нь элбэг байдаг. Ийм учраас Эмнести Интернэшнл эрх мэдэлтнүүдэд адлагдсан уран бүтээлчдийг үргэлж дэмжиж ирсэн.
Бирмийн элэглэгч Зарганар, Хятадын контемпорари урлаач Ай Вейвейг энд дурдаж болно. Эмнести Интернэшнлийн хүний эрхийн төлөө хийж буй ажлыг жүжигчид, дуучид, уран бүтээлчид хамтдаа олон нийтэд хүргэх зорилгоор 2002 онд “Эмнестигийн төлөөх урлаг” анх бий болсон. “Эмнестигийн төлөөх урлаг”-ийн ажлын өрөөний утас завтай байх үе тун цөөхөн. Минутын өмнө Мексикийн жүжигчин Гаел Гарсиа Берналтай түүний аялан тоглолтонд Эмнести Интернэшнл хамтран ажиллах талаар ярьж байсан бол дөнгөж саяхан Английн нэрт жүжигчин Софи Оконедотой зураг авалтын талаар ярилцаж дууслаа.
Харин яг одоо Лондонгийн “Олд Вик” театртай хамтран ажиллахаар тохирч байна. Зав муутай урлагийнхан, менежер, найруулагч, гэрэл зурагчид, уран бүтээлчидтэй ажиллахын тулд цагийг маш сайн ашиглах хэрэгтэй байдаг. Эдгээр уран бүтээлчид хүний эрхийн чиглэлээр нааштай өөрчлөлт гаргахын тулд үнэтэй цаг заваа зориулж байдаг юм.
“ЭМНЕСТИГИЙН ТӨЛӨӨХ УРЛАГ” ДЭЛХИЙД
Хамгийн эхний ажлуудаас нь дурдвал “Үзэл Санааны Элч” шагналыг бий болгон, Нельсон Мандела болон Ан Сан Су Чи нарт олгож байсныг дурдаж болно.
Удалгүй Эмнестигийн төлөөх урлагийн ажил өргөжин тэлж U2, Coldplay хамтлагтай хамтран ажиллаж дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулах болсон төдийгүй Палома Файт, Анжелика Хьюстон, Бен Окри, Вивьен Вествүүд, Кэвин Спэйси, Феми Кути нартай хамтран ажиллах болсон. Харин өнөөдөр хамтран ажилладаг уран бүтээлчид хэдэн арван мянгаар тоологдоно. Холливудын од Омотола Жаладе Екейндегийн 2011 онд бүтээсэн видео Кариб болон Африкийн олон сая хүнд хүрч чадлаа. Энэ видеонд Shell компанийг Нигер Делтад учруулсан хохирлоо арилгахыг шаардсан юм.
“ЭМНЕСТИГИЙН ТӨЛӨӨХ УРЛАГ” МОНГОЛ УЛСАД
A4A буюу “Эмнестигийн төлөөх урлаг” төслөөр дамжуулан кампанит ажлууд болон үйл ажиллагаагаа сурталчилдаг. Анх Монгол улсад 1998 онд “Шог зургийн үзэсгэлэн” гаргаж, “Хүний эрхийн төлөө” тоглолтыг циркэд зохион байгуулан зураач дуучдыг хүний эрхийн үйлсэд хамтран оролцохыг уриалж байсан бол 2007 оноос өнөөг хүртэл “Эрхийнхээ төлөө шуугицгаая” задгай тоглолт зохион байгуулж, хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх үйлсэд манай нэртэй хамтлагууд “Нисванис”, “Хурд”, Булсара, нэрт дуучин Номинжин, Quiza, Mишээл, ноён Бондгор гээд 50 гаруй хамтлаг, дуучдыг хүний эрхийн үйлсэд татан оруулсан аж. Тэгвэл 2013 оны хувьд арай өөр чиглэл буюу “Хүний эрхийн шилдэг бүтээл”-ийг нэрлэн шалгаруулах замаар уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Тус байгууллага уран барималч Р.Энхтайвны “Хүлээстэй хүн” уран баримлыг хүний эрхийн төлөөх шилдэг бүтээлээр шалгаруулсан байна.