2013.11.26

Мянган харваач оролцсон шагайн харвааны тэмцээн боллоо

Шагайн харвааны хөгжлийг тодорхойлсон нэгэн тэмцээн боллоо. 100 багийн 1000 харваач оролцсон тэмцээн нь өрсөлдөөн гэхээсээ илүүтэй өв уламжлал, зан заншлаа хамгаалж үлдэх асуудлыг хөндөж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлсэн үгэндээ, анх нүүдэлчин монголчууд далны ясан дээр богийн шагай тавьж, бөгцөг харваж эхэлснээр шагайн харваа үүссэн гэж түүхэнд бичигдсэн байдаг. Судлаачид шагайн харвааг монгол хүний тэвчээр, мэдрэмжийг шалгасан сэтгэлгээний өрсөлдөөн гэж дүгнэсэн нь санамсаргүй хэрэг биш.

Шагайн харваачийн аливаад нухацтай, ухаалаг хандлага нь шийдлийн зөвийг олох, ахмадаа хүндэтгэх, хүлээцтэй байдаг зан чанар нь энэхүү наадгайн ач холбогдол гэж үздэг гэлээ.

Шагайн харваан нэг баг долоон гишүүнтэй, зургаа нь харвана. Хоёр баг хоорондоо 80 орчим минут тоглодог. Тойргоор харвахад харваач өдөрт 10 цаг хэртэй сууж шагай харвадаг байна.