2013.12.19

Соёл, спортын барилгуудыг хувийн менежментэд өгөх шаардлагатай

Засгийн Газрын зүгээс хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр зарим бодитой ажил хийгдэж байгаа ч төрийн түвшинд анхаарч, эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгааг салбарын сайд хэлж байна. Энэ талаар нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн мэдээлж буйгаар хүүхдүүдэд уламжлалт урлагийг өвлүүлэх сургалт зохион байгуулах, музей үзмэрийн аялал хийх, гэр бүлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдүүдэд бие бялдрын боловсрол олгох соёл спортын дэд бүтцийг бүрдүүлэхээс эхлээд олон чиглэлийн ажлыг хийжээ. Харин соёл, спортын барилга, байгууламжуудыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар барих боломжгүй байгааг хэллээ.

Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:

Соёл спортын барилга байгууламжуудыг хувийн менежментээр авч явах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Улс бариад, засварыг нь хийгээд, халаалт, цахилгааныг нь төлөөд, цалинг нь өгөөд байна гэвэл бидэнд хэрэгтэй тэр олон төвүүдийг төр хангаж дийлэхгүй.

Одоогоор соёл, спортын салбарт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан боловч ажил нь дуусаагүй 150 тэрбум төгрөгийн барилга, байгууламж байна. Дахин шинээр барилга барихад 150 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана гэсэн тооцоог салбарын яам гаргажээ. Цаашдаа өвлийн спортын ордон барих шаардлагатай байгааг ч гишүүн Ж.Батсуурь хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

 Гадаад орнуудад сурагчид ангиараа түүх дурсгалын газруудаар аялдаг. Харин манайд тийм заншил байхгүй. Тиймээс хүүхдүүдийг багаас нь заавал эцэг эхтэй нь гэхгүйгээр ангиар нь эх орныхоо сайхан байгаль, түүх дурсгалын газруудаар аялуулж байх ажлыг салбарын яам хийнэ гэж найдаж байна.

Харин үндэсний цөөнхийн мэдээлэл авах, сурч боловсрох эрхийг Үндсэн Хуулиар баталгаажуулсан гэдгийг гишүүн А.Бакей санууллаа. Хамгийн гол нь хүүхдүүдийн сурах таатай орчныг бүрдүүлж байж цаашид хөгжих тухай ярьж болно гэж эрхэм гишүүн үзэж байна.

УИХ-ын гишүүн А.Бакей:

Сумдын сургуулийн номын сангуудын ном хуучирч, цаг үеэ өнгөрөөсөн байдаг. Ном хангамж маш муу байна. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон сурагчдад зориулсан танин мэдэхүйн чиглэлтэй монгол, казах хэл дээрх номнууд маш ховор байна.

Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:

Манай яам казах хэл дээрх номуудыг Казахстан улсаас авах, монгол хэл дээрх номыг Улаанбаатараас татаж байх тал дээр ажиллаж байна.

Цаашид телевизүүдийн нэвтрүүлэг, кинонд монгол агуулгыг түлхүү багтаадаг болох, соёлын салбарт хувьчлагдсан объектуудыг зориулалтын дагуу ашиглах гэрээний хэрэгжилтэнд анхаарах, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхээс эхлээд тодорхой чиглэлийн үүргийг Засгийн Газарт өгье, холбогдох тогтоолыг гаргая гэж нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд тогтлоо.