МҮЭ-ийн санаачлагаар 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд 235 тэрбум төгрөгийг төсөвт суулгав.
2014.01.03

МҮЭ 2014 оныг монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх жил болгон зарлав

Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдөр хүн бүхэн өнгөрсөн 365 хоногт юу хийж бүтээснээ эргэцүүлэн тунгааж, ирэх оны ажлаа төлөвлөдөг. Харин Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хувьд 2013 онд ээлжит 21 дүгээр хурлаа хийж, холбооны дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Ингэснээр энэ байгууллагын хэтийн зорилт, хөтөлбөрт холбогдох өөрчлөлтүүд орж, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэл тодорхойлогджээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36,7 хувиар нэмэгдүүлсэн явдал өнгөрсөн онд олсон гол амжилтуудынх нь нэг юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 235 тэрбум болгож чадлаа. Цахилгаан, дулааны үнэ болон валютын ханшны асуудлаар холбогдох байгууллагуудад санал, шаардлага тавьж гаргасан шийдвэрийг нь буцаалгах, Засгийн Газарт тодорхой шийдвэр оруулах хэмжээнд МҮЭ ажиллаж чадлаа.

Мөн “Петрочайна Дачин Тамсаг”, “Монгол Оюутолгой”, “Нарантуул” зэрэг томоохон байгууллагуудын анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын тэмцлийг дэмжиж, цалин хөлс, ажлын байрны баталгаа, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээгээд байна. Үүнтэй холбогдуулан МҮЭ-ээс үзүүлэх үйлчилгээг гишүүд, хөдөлмөрчдөд хурдан шуурхай хүргэх, тэдний санал гомдлыг хүлээн авах тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Ерөнхийд нь харвал МҮЭХ-ны үйл ажиллагаа нь Монголын нийгэмд түншлэлийг өндөр түвшинд хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцаанд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэж, үр дүнгээ өгч эхэллээ.

2014 онд МҮЭХ өнгөрсөн жилд тавьсан зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Тухайлбал, 2014 оныг монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх жил болгон зарлалаа.

Түүнчлэн МҮЭХ Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монгол Банк, Барилга Хот Байгуулалтын Яам, эрчим хүчний зохицуулах хороодод санал тавьж, үнэ тарифыг хөөрөгдсөн, төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан газруудад хариуцлага тооцуулж, цаашид тогтвортой ажиллахад нөлөөлж чадлаа.

Мөн олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”- тай хамтран зохион байгуулж, Чингисийн талбайд тэмдэглэлээ. Энэ нь валютын ханшнаас улбаатай үнийн хөөрөгдлийг бууруулахад шийдвэр гаргагчдад нөлөөлж, УИХ 2014 оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх зорилт тавилаа.