496 000 иргэний ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцов
UBS телевизийн "Студи 4" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хүн Ам, Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож улс орны хүн ам зүйн асуудлаар ярилцлаа.
Ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцох хуулийн талаар тодорхой яриач!
УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ хуулийг баталлаа. 2012 оны 11 дүгээр сарын нэгнээс 2013 оны 10 сарын нэгэн хүртэл хууль хэрэгжлээ. Энэ хугацаанд нийтдээ 496 000 иргэн хамрагдсан гэсэн дүн гарлаа. Мөн саяхан УИХ-ын эмэгтэй гишүүдээр дамжуулж дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд маань гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүхээр авч үзээд эдгээр хүмүүс хамрагдах боломжтой гэж үзлээ.
Энэ шийдвэрт үндэслээд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй ээж, 27 жил ажилласан эмэгтэй, 32 жил ажилласан эрэгтэйчүүд гээд нийтдээ 48 000 орчим хүний ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийн нэмэгдлийг 2015 оны нэг сарын нэгнээс олгохоор боллоо.
Энэ асуудал төсөв батлагдсанаас хойш орж ирсэн учраас нэг жилийн дараа хэрэгжиж эхэлнэ. 1990-2000 онд ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэдийн 30 орчим хувь нь тав, 70 хувь нь 11 жилээр тооцуулсан. Нэмэгдлийг бид ирэх оны нэг сарын нэгнээс олгоно. Үүнд зориулж улсын төсөвт 30 орчим тэрбум төгрөг суулгалаа.
Энд би нэг зүйлийг онцолъё. Ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцох хууль зөвхөн тэтгэвэрт гарахад хэрэгтэй гэж одоо ажиллаж байгаа хүмүүс маань андуурдаг. Энэ бол тийм биш. Тэтгэвэрт гараагүй ч энэ хууль таньд ач холбогдлоо өгч эхэлнэ.
Хүүхдийн мөнгөний асуудлыг одоо яаж зохион байгуулж байна?
Энэ талаар нэлээн хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд мөнгийг гар дээр өгөлгүй, тухайн хүүхэд, эцэг эхэд өөрөө банкаа сонгох боломжийг олголоо. Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагууд иргэдийн мэдээллийг бэлтгэсэний дараа Монгол Банк арилжааны банкуудаар дамжуулаад хүүхдийн мөнгийг шилжүүлдэг цоо шинэ аргыг нэвтрүүллээ. Эхлээд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан ч одоо банкны өмнө дугаарлаж зогсдог байдал ариллаа.
Эцэг эхчүүд хүүхэддээ данс нээлгээд орхисноор тухайн хүүхдийн ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болж байна. Ёс зүйгүй эцэг, эхчүүд хүүхдийн мөнгөө аваад архи уучихдаг байсан нь больчихлоо. Өмнө нь хүүхдийн мөнгөнөөс хэмнэсэн мөнгийг өөр зүйлд ашигладаг байсан бол одоо хүүхдүүдийнхээ хөгжилд зориулдаг болгож хуульчилж өглөө.
Сая л гэхэд 5,4 тэрбум төгрөг хэмнэж, энэ мөнгөөр таван дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүүхдийн хөгжил хамгааллын төв барихаар боллоо. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны том хөрөнгө оруулалт.
Иргэд маань эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ эмнэлгээ сонгож чаддаггүй, чанартай үйлчлүүлж чаддаггүй. Одоо яригдаж буй эрүүл мэндийн даатгалын хууль маань юу болж байна?
Энэ хууль улс төрийн шалтгаанаар өргөн барьснаас хойш батлагдалгүй явсаар хоёр жил боллоо. Одоо хэлэлцүүлгийн шатанд явж байна. Хуулийн зорилго нь даатгуулагч бол хаан гэсэн зарчмыг хэрэгжүүлэх. Хууль батлагдсанаар даатгуулагч эмнэлгээ сонгох, даатгалын сангийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжтой болно.
Түүнээс гадна эмнэлгүүдийн хооронд өрсөлдөөн бий болж эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг бодитоор үнэлж чадна. Энэ нь хэрэв тухайн эмнэлэг сайн эмчийнхээ нийгмийн асуудлыг анхаарахгүй бол өөр эмнэлэгт алдах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.