УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.12.30

С.Эрдэнэ: Анх удаа Монгол улс хүн амынхаа амьжиргааг тогтоох том судалгаа хийлээ

Eagle телевизийн Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт энэ удаагийн зочноор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.

 - Шинэ оны төсөл хөтөлбөр гээд ажил ихтэй байна уу?

Ажил ихтэй байна. Оны эцэс учир үр дүнгээ дүгнэх, ирэх оны ажлыг төлөвлөх гээд ажил бол их байна.

- Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2013 онд ихээхэн ажил амжуулсан гэсэн дүн гарч байна. Тиймээс таныг урилаа. Хийсэн ажлаас хамгийн том ажил нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийгдсэн ажил гэж бодож байна. Энэ ажил хэр удаан үргэлжлэв, нийт хичнээн иргэн хамрагдсан бэ?

2012 оны 9-р сард энэ хууль батлагдаад 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эхлээд 2013 оны 8-р сарын нэгний дотор ажлаа хийж гүйцэтгэхээр журам батлагдсан. Гэвч энэ хугацаанд иргэд бүртгүүлж амжаагүй учир маш их санал ирсний үндсэн дээр хугацааг хоёр сараар сунгасан байгаа. Нийт улсын хэмжээнд 500-аад мянган хүн ажилласан жилээр тэтгэврийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдлаа. Энэ хууль маш их өргөдөл гомдлыг дагуулж байсан.

Мөн 1990 оноос хойш олон хүүхэдтэй тэтгэвэрт гарсан ээжүүд, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэд гээд маш олон хүмүүс энэ хуульд хамрагдмаар байна гэсэн гомдол их явсан. Үүнээс иргэдийн гомдлоор захиргааны хэргийн шүүх дээр асуудал яригдаад тогтоол гарсан учир журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ингээд үндсэндээ нэмж 46 мянган иргэн буюу 4 болон түүнээс дээш хүүхэдтэй ээжүүд энэ хуульд хамрагдахаар болсон. Бүртгэлийг 2-р сарын нэгнээс эхэлнэ. Тэтгэврийн зөрүү нэмэгдлийн асуудлыг 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн тооцож олгохоор болж байна. Одоо нэмж тооцох боломж байхгүй яагаад гэвэл төсвийн хууль батлагдсан. Нийтдээ 550-аад мянган иргэн энэхүү хуулийн өөрчлөлтөд хамрагдахаар төлөв тооцоотой байна.

- Дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй ээжүүд ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ? бүрдүүлэх бичиг баримт болон хаана хэнд хандах ёстой вэ?

Эдгээр ээжүүд дүүрэг аймагтаа бүртгэлтэй байгаа учир заавал бичиг баримт бүрдүүлэх шаардлага байхгүй. Өөрийн оршин суугаа аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст очоод өөрийн нэрээ шүүлгэн бүртгэлд орох боломжтой. Тэгээд 2015 оноос эхлэн зөрүү мөнгөө авч болно.

- Ажилласан жилийн нөхөн төлөлтөд бүртгэгдсэн иргэд нийгмийн даатгалын нөхөн төлбөрөө хэзээнээс авч эхлэх вэ?

2014 оны 1-р сарын 1-нээс эхлэн бүртгүүлсэн иргэдийн ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцно. Хэрвээ тодорхой тэтгэврийн өөрчлөлт гарах юм бол өөрчлөлтийг он гараад олгож эхэлнэ.

 - Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн бас нэг томоохон ажил бол амьжиргааны түвшин тогтоох судалгаа байгаа. Судалгаанд нийт хичнээн иргэд хамрагдав, судалгааны үр дүн ямар байна?

Улсын хэмжээнд үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар 768 мянган орчим өрх байгаа гэж тооцож байгаа. Нийт 2сая 930 гаран мянган иргэний 90 гаруй хувийг энэ судалгаанд хамруулсан. Мөн хяналтын тооллого долоо хоног явсан. Нийт дүн мэдээ 3-р сарын 15-ны дотор гарна.

Маш их нэгтгэл тооцоо хийх шаардлагатай том ажил байгаа. Анх удаа Монгол улс хүн амынхаа амьжиргааг тогтоох том судалгаа тооллогыг хийлээ. Энэ нь салбар дундын Дата сан бий болгох боломжийг бүрдүүлж байгаа юм.  

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....