2013.09.25

Д.Оюунхорол гишүүн Эдийн засгийн сайдыг сандаргав

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Байнгын хорооны хуралдаан гишүүдийн асуулт, мэтгэлцээн дунд халуухан явагдсан. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эдийн засаг хүндрээгүй хэмээн салбарын сайд нь мэдэгдээд байгаа атал эдийн засгийг удирдах чадвараа Засгийн газар тодорхой хэмжээгээр алдсан нь судалгаанаас харагдаж байгааг хэлээд үнийг хэт зохицуулах гэсэн оролдлого нь сөргөөр нөлөөлж байгаа юм биш үү гэдгийг тодруулсан юм.

Энэ талаар байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар эдийн засгийн байдал улам хүндэрч мэдэхээр байгаа учраас анхаарал хандуулах үүднээс судалгааг хийснийг дахин дурдаад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа таван багц хуулийн төслүүд нь Засгийн газарт чиглэл болгосон судалгааны хавсралтад туссаныг онцолсон юм.

Эдийн засгийн байдал улам хүндэрч мэдэхээр байгаа учир анхаарал хандуулах үүднээс судалгааг хийсэн.

Харин дэд сайд О.Чулуунбат үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2.9 их наяд төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар, Монголбанк хамтарч хийсэн, төрийн оролцоо, зохицуулалт их байгаад анхаарч дорвитой арга хэмжээ авах шаардлага байгаа гэсэн хариулт өгөв.

Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь энэ мэдээлэл, судалгааны тайланг эртхэн хэлэлцэх байсан юм, гэхдээ хожуу ч гэлээ хэлэлцэж улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч байгаа нь чухал юм гэдгийг онцолж байв. Ийнхүү Д.Оюунхорол гишүүн Эдийн засгийн сайдыг сандаргав.