Ууртай дарга
УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт
2013.12.20

Ууртай дарга

УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт “ууртай” хүн гэдгээ өдөр бүр харуулах боллоо.

Тэрбээр ажлаа аваад удаагүй байгаа ч намын бүлгээс гаргасан шийдвэр, бүлгийнхээ эрх ашгийг хамгаалсан шиг хамгаална гэдгээ харуулахаар Ардчилсан намынхантай тэмцэж эхэлсэн нь энэ. Ямар ч байсан тэр бүлгийн даргын ажлаа хүлээж авангуутаа л Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирсэн.

Энэ нь Засгийн газар эдийн засгийг доройтууллаа хэмээн “уурдаж” байгаагийнх гэдэг нь тодорхой. Харин өчигдрийн тухайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрийнх нь төдийгүй бүлгийн гишүүдийнх нь эрх ашгийг зөрчлөө хэмээн уурлаж, Ардчилсан намынханд бухимдлаа хатуухан үгсээр илэрхийлсэн юм С.Бямбацогт дарга эцэст нь “Ингэж ажил хийх юм бол чуулганы хуралдаанаас завсарлага авлаа” гээд бүлгийнхнээ дагуулаад чуулганы танхимыг орхин гарсан.

Хэдийгээр' УИХ-ын дарга түүний бухимдаж байгаа шалтгааныг хүлээн авч, гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх асуудлыг түр хойшлуулахаар болсон ч түүнд хангалттай санагдаагүй бололтой. Учир нь С.Бямбацогт энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газарт хүртэл хандаж хурууны хээ бүртгэх төхөөрөмжийн аюулгүй байдлыг нэн даруй шалгуулахыг хүсчээ.

Чуулганы хуралдааны үеэр МАН-ын дарга М.Энхболдын өмнө байдаг ирц хянадаг компьютер, МАН-ын бүлгийн даргын микрофон ажиллаагүй нь ийн Тагнуулын ерөнхий газарт хандахаас өөр аргагүй байдалд оруулсан гэнэ. С.Бямбацогт даргыг уурлуулбал “гал асч” магадгүй ажээ.