Эрүүл мэндийн салбарт олон улсын 30 орчим төсөл хэрэгжиж байна
Эрүүл мэндийн салбарын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн 2013 оны сүүлийн хурал
2013.12.18

Эрүүл мэндийн салбарт олон улсын 30 орчим төсөл хэрэгжиж байна

Эрүүл мэндийн салбарын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн 2013 оны сүүлийн хуралд төрийн болон ТББ-ууд, олон улсын байгууллагуудын 70 гаруй төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцлоо.

Хуралдаанаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлого, хөтөлбөрийг орон нутагт эрчимжүүлэх болон хэрэгжилтийн явцын үнэлгээний тайланг хэлэлцжээ.

Энэ хурлын тэргүүлэгч Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Уулзалтын зорилго нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаарх явцын талаар нэгдсэн мэдээлэл авах, тус салбарт орон нутгийн түвшинд хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн талаарх илтгэлийг сонсож хэлэлцэх юм.

Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарт тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсгийг сайжруулах нь эрхэм зорилт. Тухайлбал анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг бэхжүүлэх, эмнэлгийн салбарын шинэчлэл хийх, эмнэлгийн засаглалыг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Мөн сургалтын тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх, халдварт болон халдварт бус өвчнийг бууруулах асуудал байгаа. Үүнээс гадна эх хүүхэд өсвөр үеийн эрүүл мэнд, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэл гээд нийт 10 гаруй  олон улсын байгууллагын 30 орчим төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна” хэмээн онцолж байв.

Зээл тусламж зохицуулах зөвлөл нь цаашид Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд хэрэжиж байгаа төсөл хөтөлбөрийн тулгамдсан асуудлууд, хэрэгжилтийг үр дүнтэй болгоход төрийн болон ТББ-ууд, ОУБ-уудын ажлын уялдааг хангах, хамтын ажиллагааг улам үр өгөөжтэй, оновчтой болгох асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.