Гурав дахь шатлалын эмнэлгийн стандартыг олон улсын төвшинд ойртуулна
Иргэн Т Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвөөр тогтмол үйлчлүүлэгчдийн нэг. Бөөрний эмгэгийн эцсийн шатанд орсон түүний амь насыг аврах эмчилгээ бол бөөр орлуулах буюу гемодиализ юм. Гемодиализийн төв байнгын 170 орчим үйлчлүүлэгчтэй.
Өдөрт тус төвөөр 70 орчим хүн үйлчлүүлдэг. Бөөрний архаг дутагдалтай өвчтөн насан туршдаа энэ аппаратад орох ёстой. Үүний тулд долоо хоногт гурван удаа үйлчлүүлэх дэгтэй. Хэрвээ тогтсон хугацаанд эмчилгээнд хамрагдахгүй бол амь насаа алдаж ч мэдэх эрсдэлтэй нөхцөлд эдгээр өвчтөн амьдарч буй.
Судалгаанаас харахад 30-40 буюу ид хөдөлмөрийн насныхан энэ өвчинд өртөмхий байна. Уг эмнэлгээр үйлчлүүлсэн бөөрний цочмог болон архаг дутагдалтай өвчтөний тоо сүүлийн дөрвөн жилд өсөх хандлагатай байгааг Гемодиализийн төвийн тэргүүлэх зэргийн эмч Д.Хурцбаяр өгүүлсэн. 1974 онд байгуулагдсан эл төв 2006 он хүртэл гарын арван хуруунд хүрэхгүй тооны аппараттай байсан ч сүүлийн жилүүдэд энэ тоо харьцангуй нэмэгдсээр өнөөдөр улсын хэмжээнд нийт 59 гемодиализын аппарат ажиллаж байна.
Гемодиализын төвд 30, УХТЭ-д 4, УГТЭ-д 10, Орхон, Дорнод, Ховд, Өмнөговь аймагт тус тус хоёр аппарат бий. Нэгдүгээр эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөнүүдийн 49 хувь нь орон нутаг, 51 хувь нь Улаанбаатар хотынх. Хэрвээ орон нутагт хангалттай тооны аппарат байвал өвчтөн зардал чирэгдэл болж заавал нийслэл бараадах шаардлагагүй юм.
Ер нь 3 сая хүнд 108 гемодиализийн аппарат шаардлагатай аж. Харин өнөөдөр үүний тал хувь нь “сул зогсолт” хийх эрхгүй цаг тутамд өвчтөнд үйлчилж байна. Тиймээс энэ жил улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 ширхэг диализ, дөрвөн ширхэг ус цэвэршүүлэгч аппаратыг нийлүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Хэрвээ 108 гемодиализийн аппараттай болбол жилдээ ашиглалтын зардалд 12 тэрбум 688 сая төгрөг шаардлагатай юм байна.
Хэдий тоо нь их сонсогдож байвч улстөрчдийн талаар нэг тарааж цацдаг ямар ч төлөвлөлтгүй их мөнгөний дэргэд энэ бол хавьгүй бага зардал юм. Удахгүй нийлүүлэгдэх аппаратууд ашиглалтад орж эхэлбэл иргэн Т шиг олон иргэн очер дугаар хүлээн цаг алдахгүй эмчилгээ авах боломж бүрдэнэ. Үүнээс гадна Монголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулсан 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий цогц шинэчлэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдээд байна.
Судалгаанаас харахад 30-40 буюу ид хөдөлмөрийн насныхан энэ өвчинд өртөмхий байна.
Ялангуяа УНТЭ-ийн Клиник лаборатори нь 24 цагийн турш өвөрмөц нарийн шинжилгээнүүдээр хүн амд хүртээмжтэй үйлчлэх зорилго тавин жилд ойролцоогоор 145,000 хүнд 1,320,000 орчим шинжилгээ хийж байна. Тус эмнэлэг дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмнэлэгтээ нэвтрүүлсний үр дүнд элэг, бөөр болон ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж байна.
Эмнэлгийн салбаруудад тулгамдаад буй ходоод гэдэсний дуран, эхо, бөөрний дуран, MRI оношилгоо зэрэг технологи нэвтэрснээр дэлхийн шилдэг эмнэлгүүдэд үзүүлдэг эмчилгээ үйлчилгээг Монголдоо авах боломж бүрэн нээгджээ. Энэ техник технологийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор УНТЭ-т эмч, сувилагч, лаборант зэрэг 100 гаруй ажилтан БНСУ-д сургалтад хамрагдан бэлтгэгджээ. Арваннэгдүгээр сарын эхээр л гэхэд Ариутгал халдваргүйжүүлэх тасагт Германы ЭССЭН эмнэлгийн загвараар Монголд анх удаа евро стандартыг нэвтрүүллээ.
Эмнэлгийн бүхий л багаж, материалыг ариутгаж халдваргүйжүүлэх зорилготой энэхүү шинэ үйлчилгээ нэвтэрснээр ачаалал маш их хөнгөрчээ. Ариутгасан багажийг зөөвөрлөх тусгай лифтийг ч энд суурилуулж өгсөн байна. Өмнө нь 5-6 цаг хийдэг байсан ариутгал шинээр нээгдсэн Ариутгал, халдваргүйжүүлэх тасагт ердөө 15-30 минутад багтдаг болсныг тасгийн менежер Д.Маамуу онцлов.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн удаах шинэчлэл нь Яаралтай тусламжийн төвийг олон улсын жишигт нийцүүлсэн явдал юм. Төрөөс иргэдэд үйлчилдэг байгууллагуудын хамгийн ойр нь Яаралтай тусламжийн төв гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Яаралтай тусламжийн цогц үйлчилгээг нэвтрүүлснээс хойш өдөрт ойролцоогоор 30 хүн үйлчлүүлдэг байсан бол 50-60 болж нэмэгджээ.
Анхан шатны яаралтай тусламж хүссэн, сандарч мэгдсэн хэнбугай ч энэ төвд хандах боломжтой бөгөөд иргэн таныг хүлээж аваад онош тодорсны дараа тасаг руу шилжүүлдэг байна. Онош тодортол иргэдийг ажиглалтын хэсэгт байлгана. Эмч таныг үзээд юуны өмнө биеийн байдлаар чинь эрэмбэлнэ. Хэрвээ таныг улаанаар эрэмбэлэх юм бол яаралтай эмчилгээнд хамруулна.
Харин шар өнгөтэй таних тэмдэг өгвөл 5-10 минутад, ногооноор эрэмбэлбэл 20-30 минутын дотор үзнэ. Харин цагаанаар эрэмбэлбэл таны бие харьцангуй гайгүй бөгөөд нэг цагийн дараа үзэж оношилно гэж УНТЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн эрхлэгч С.Алтансүх хэлж байна.