Эрүүл мэндийн сайд хөдөө орон нутагт ажиллаж байна
2013.12.11

Аймгуудад 13-15 насны охидын жирэмслэлт их байгаа анхаарал татсан сэдвийн нэг байв

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн сарын 28-ны өдрөөс Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна.

Тэрээр Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа болоод шинэчлэлийн бодлогын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажилтай газар дээр нь очиж танилцлаа. 

Орон нутгийн удирдлагуудын зүгээс сүүлийн үед нас баралт болон бэртэл, гэмтлийн зонхилох шалтгаан нь хятад мотоциклоос унаж бэртэх болж байгааг хэлээд энэ сараас эхлэн ирэх гуравдугаар сар хүртэл буюу урин дулаан цаг иртэл мотоциклийг унуулахгүй байх тухай журмыг гаргаснаа Сайдад танилцууллаа.

Сайдын ажилласан дээрх аймгуудад БЗХӨ, тэр дундаа тэмбүүгийн өвчлөл их байгаа аж. Түүнчлэн тэмбүүтэй эхээс тэмбүүтэй хүүхэд төрж байгаад салбарынхны зүгээс анхаарлаа хандуулах болжээ.  Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллах үеэр аав, ээжийн хараа хяналт сулаас болж бага насны хүүхдүүд ахуйн осол, ялангуяа халуун тогоотой хоол, унданд түлэгдэх нь их байгааг онцолж байлаа.

Түүнчлэн эдгээр аймгуудад 13-15 насны өсвөр үеийн охидын жирэмслэлт их байгаа нь анхаарал татсан сэдвийн нэг байв. Эдгээр хүүхдүүд бие бялдар нь жирэмслэхэд бэлэн болоогүй хэт бага насандаа жирэмсэлсний улмаас дутуу төрж, нярайн эндэгдлийн тоог нэмэгдүүлж байгааг эмч нарын зүгээс хэлж байв.

Тэрээр аймгуудын нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллах үеэрээ иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэлгүй, чирэгдэлгүй хүргэж ажиллахыг эмч, мэргэжилтнүүдэд захив. Сайд эмнэлгүүдийн зарим оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг харж, хамт явж буй Онишилгоо эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Одод шинэчлэхийг үүрэг болгожээ.

Түүнчлэн тэрээр салбарын хэмээнд энэ онд өргүй гарах гэж байгаа баяртай мэдээг дуулгаад, тус аймгуудад ч өргүй гарна гэдэгт найдаж байгаагаа хэлж, ирэх оныг улсын хэмжээгээр эх, нярайн эндэгдлийг бууруулах жил болгон ажиллахаа дуулгасан байна.