Сэтгүүлч генсекийн сэдвийн “жиргээ”
Ардчилсан намын генсек Ц.Оюундарь
2013.12.03

Сэтгүүлч генсекийн сэдвийн “жиргээ”

Ардчилсан намын анхны эмэгтэй генсек Ц.Оюундарь сүүлийн үед нэлээд “барцадтай” байна.

Улс төрийн томоохон хүчний хувьд хуучин МАХН, одоогийн МАН, АН-д лав эмэгтэй генсек байгаагүй. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүддээ тийм боломж, эрх мэдлийг олгож байгаагүй гэсэн үг. Гэтэл тэрхүү эрх мэдлийн цаана асар их эрх мэдэл, жаргал цэнгэл гэхээсээ илүү чамлахааргүй том “зовлон” нуугдаж байдгийг генсек хийж үзсэн хүн л мэдэх байх гэлцэх юм билээ. Ямартай ч “муусайн” хүүхнүүд, “муусайн” сэтгүүлчид л гал руу гараа дүрэхээс буцдаггүй эр зоригтой байдгийг харуулж  Ц.Оюундарь энэ албыг гологдохооргүй хашиж яваа гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Гэвч түүнээс үе үехэн илрэх “сэтгүүлч зан” нь хааяа алдаа руу түлхчих гээд байх болж.

Үүний нэг нь өчигдөр твиттер хуудсаар жиргэсэн утааны тухай сэдэв юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх биднийг бодвол генсек хүний жиргээний хариуцлага өөр байдаг бололтой юм. Асуудал утаанд, эсвэл сэтгүүлч асан эмэгтэйд, Ардчилсан намд алинд нь байсныг бүү мэд.

Юутай ч намын генсекээр ажиллаад хоёр дахь шинэ жилийнхээ нүүрийг үзэх гэж буй түүнийг амьдралаас “тасарсан”, гэр хороололд хөл тавьж үзээгүй шахам байж жигшин зэвүүцэгч олигархиудтай адилтган үзсэн нь зохимжгүй харагдсан. Ер нь түүнийг чиглэсэн довтолгоо ойрд арай л илүү хүчээ аваад байх шиг.

Үүнд тус намын эрэгтэй, эмэгтэй “хорчид”, “хар муурууд”-ын гар хөл оролцсон байх гэх хардлага ч төрөх болов. Гэвч эцсийн бүлэгт “Жексон амьд” гэдэг шиг генсек ч бай, биш ч бай, “Ц.Оюундарь сэтгүүлч хэвээрээ” үлдэх биз ээ.