Ж.Энхбаяр: Энэ их ажлыг ямар эх үүсвэрээр хийсэн бэ гэдгийг шалгаж өгөөч гэсэн байна лээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.12.03

Ж.Энхбаяр: Энэ их ажлыг ямар эх үүсвэрээр хийсэн бэ гэдгийг шалгаж өгөөч гэсэн байна лээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Авлигын эсрэг парламентын бүлгийнхэн АТГ-аас мэдээлэл сонсох үеэр таны эхнэрийг дахин дахин дуудсан талаар та хэлж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Манай эхнэрээс тодруулга авахаар л дуудсан юм билээ. Тэр үйл ажиллагаа нь удаан, гэрчийг чирэгдүүлсэн, цаг хугацаа их орсон учраас би асуудал тавьсан. Аливаа хуулийн байгууллага гэрч, сэжигтэн хоёрт хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ асуудал хуулийн байгууллагад учир дутагдалтай байна даа гэдэг утгаар хэлсэн юм.

-Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга таныг АТГ-т шалгуулах гомдол гаргасанбайсан. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

Улс төрийн байгууллагууд нь албан ёсоор ил гарч асуудлыг тавьж байгаа юм билээ

-Улс төрийн захиалгат тийм зүйл яваад л байгаа. Яагаад гэхээр манай Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуулийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Өдийг хүртэл МАН тогтмол ялалт байгуулж байгаа ганц аймаг. Тиймээс тэнд байгаа улстөрчдийн нэр хүндийг нь унагаах үүднээс АН-аас зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн нэг хэсэг л дээ. . Улс төрийн байгууллагууд нь албан ёсоор ил гарч асуудлыг тавьж байгаа юм билээ. Үндэслэл нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж хоёр олон ажил хийчихсэн байна. Олон нийтэд хэрэгтэй их ажил хийжээ. Энэ их ажлыг ямар эх үүсвэрээр яаж, хийсэн бэ гэдгийг шалгаж өгөөч гэсэн байна лээ.

-Тойрогтоо зарцуулах мөнгийг нэр хүнд олох зорилгоор бусдад тараасан гэдэг тайлбарыг өгсөн байсан?

-Улс төрийн зорилгоор юм хэлэх өөр. Зорилго нь Ардын намыг дэмжээд байгаа Говь-Алтайчуудын саналыг хүчингүй болгох. УИХ-ын гишүүд ажлаа сайн хийсэн, олон түмний хүсэлт захиалгын дагуу юм хийсэн. Асуудал нь яагаад эд нар олон ажил хийчихэв гэдэг нь үндсэндээ өргөдлийн утга байсан. Тэрийг холбогдох газар нь тодруулна биз.

-Та тойрогтоо олон ажил хийсэн гэлээ. Тухайлбал?

-УИХ-ын гишүүн төсөв захиран зарцуулах эрхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн аймагтаа мөнгө олж өгөх үүрэгтэй. Орон нутагтаа их хөрөнгө оруулалтыг татах үүрэгтэй. Тэр үүргээ л гүйцэтгэсэн. Тэр хөрөнгө мөнгийг орон нутгийн удирдлага, нутгийн өөрөө удирдах байгууллагынхан хөрөнгө мөнгийг захиран зарцуулж төсвөө хэлэлцээд батлаад л явдаг.

-Тэгвэл ирэх оны төсөвт Говь-Алтайд их хөрөнгө оруулалт татаж чадав уу?

-Ирэх оны төсөвт Говь-Алтай аймагтаа их хөрөнгө татах ажил хийсэн. Ирэх онд нэлээд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ. Говь-Алтайд шинээр дулааны цахилгаан станцыг барихаар болсон. Энэ нь 20, 30-аад тэрбум төгрөгийн өртөгтэй том төслийг оруулж чадсандаа сэтгэл өндөр байна. Нисэх буудлыг хатуу хучилттай болгож, шөнийн буултын системтэй болгоно.

Анагаах ухааны сургуулийн өргөтгөл, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн өргөтгөл баригдана. Мөн 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдахаар улсын төсөвт суугдсан байгаа. Олон зүйл бий. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Говь-Алтай аймгийн хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг хоёр тэрбум төгрөгөөр барихаар болж байгаа. Эрчим хүч, дэд бүтцийн 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Бас л Энхбаяр ажлаа сайн хийлээ гээд л асуудал болох байх даа. Ирэх оны төсөвт сэтгэл хангалуун байгаа.

-Энэ долоо хоногт  чуулганаар Алтны худалдаанд ил тод байдал бий болгох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ер нь энэ хуулийг хаалттай хэлэлцэж, АН-ын бүлгийн зүгээс завсарлага хүртэл авсан шүү дээ. Таны бодлоор ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс орон алтанд ач холбогдлоо өгөөд эхлэнэ гэдэг нь  эдийн засгийн байдал хүндэрч байгаагийн гол дохио шүү дээ. Олон сонгууль дамжиж, газар шороо ухах асуудал, ялангуяа алттай холбоотой, байгаль орчны бохирдол, хорт бодисын хордолт, нинжа дагасан түмэн зөрчил бэрхшээл олон хүний амь насны асуудал байна. Арай гэж урт нэртэй хуулиа гаргаад голын эх ойн сангаа ухаж, төнхөхөө больё гэдэг дээр нийгмийн зөвшилцөлд хүрсэн.

Тэр захиалгын дагуу улс төрийн сонгууль явагдсан. Харамсалтай нь энэ бүгд цоо шинээр өрнөж байна. Гол зорилго нь эргээд ухах л асуудал. Монгол Улсын эдийн засаг өөрөө, өөрийгөө авч явах чадавхиа алдаж байна. Өр зээл дээр тогтдог болчихлоо. Гадаад өр огцом нэмэгдэж байна. Гадаад худалдааны тэнцэл өндөр алдагдалтай боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын зардал бүс нутагтаа хамгийн өндөрт байна.

Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар унаж байна. Монгол Улстай холбоотой үнэт цаасууд бүгд хөрөнгийн биржүүд дээр хамгийн муу, хөрөнгө оруулалт болж хувирлаа. Үүнтэй холбоотойгоор алтны асуудал, өр зээлийн асуудал босч ирж байна.

-Гадаад хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг хэрхэн харж байна?

Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтын итгэл алдарсаны шинж шүү дээ.

-Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй. Эсвэл Алтанхуягийн Засгийн газар юм хийхгүй бол сайн байж магад. Хэтэрхий хувийн хэвшлийн салбар луу орооцолдож, бужигнуулж, зах зээл дэх тэгш бус байдлыг бий болгож байна. Үүнтэй холбоотойгоор гадны хөрөнгө оруулалтууд гараад явчихсан. Өнгөрсөн жилийн дотор хоёр тэрбум ам.доллар гадагшиллаа. Гадныхны Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтын итгэл алдарсаны шинж шүү дээ.

Одоо Монголын аж ахуйн нэгжтэй ноцолдоод эхэллээ. Энэ маань өөрөө дотоодын хөрөнгө оруулалтын итгэлийг алдана. 11 дүгээр сарын байдлаар дотоод хөрөнгө оруулалтын урсгал эрс саарсан тоо гарч байна. Арилжааны банкууд дахь чанаргүй зээлийн тоо огцом өсч байна. Энэ юу гэхээр нөхцөл байдал хүндрээд байгаагийн шинж. Валюттай харьцах монгол төгрөгийн ханш 30 хувь суларчихсан. 2013 онд дэлхийд хамгийн хүчтэй суларсан мөнгөн тэмдэгт бол Монгол Улсын тэмдэгт боллоо.

Энэ бүгд дээр л Засаг ухаалаг байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн ярьдаг ухаалаг төр гэдэг чинь энийг хэлж байгаа юм.  Энэ асуудал дээр л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Засгаас хүсэн хүлээж байгаа юм тэр шүү дээ. Засгийн бодлого гэдэг алдааны үр дүнд бүх хүмүүсийн халаас, орлогыг тэмтэрч байна. 20 жил бий болгосон хуримтлал, авдаг цалинг нь үнэ цэнэгүй болгож байна.

Шинэчлэлийн бодлого, хөтөлбөр ухаантай төр болж байна, гоё сайхан байна гээд мянга яриад яахав. Иргэдийн карманд үлдээж байгаа мөнгөний хэмжээгээр нь төрийг үнэлдэг байхгүй юу. Энэ төр ард түмний халаас, бизнес эрхлэгчдийн халаасанд юу үлдээв. Одоо бизнесийн орчин хүндрээд иргэдийн халаасийг тэмтрээд эхэллээ шүү дээ.

-“Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих тухай Ерөнхийлөгч олон зүйлийг ярьсан. Таны бодлоор ухаалаг төр гэж юуг хэлэх вэ?

-Ухаалаг төрийн тухай ойлголт сүүлийн үед их ярьж байна. Жишээ нь утаа. Утаатай тэмцэхээр олон тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүн гарсангүй. Утаа нэмэгдлээ гэсэн дүн гарч байна. Тэгэхээр Ерөнхий сайд нь нүүрс тараагаад, дээрээс нь зуух солиод утаатай тэмцэхгүй гэдэг нь тодорхой шүү дээ. Нөгөө талдаа таван жилийн хугацаатай бондоор таван жилийн нас даахгүй таван сантиметр зузаантай зам тавиад байгаа нь ухаалаг асуудал биш.

Бондынхоо өрийг төлөх болдог өнөөх зам нь эвдэрчихсэн байдаг. Агуулга муутай хэлбэр хөөсөн байна. Нийгмийн тухайн сэтгэлзүйд таарсан юм хийж байвал улс орны ирээдүйд бий болох өрийн ачаалал, дарамт  эдийн засгийн асуудлыг тооцож байгаа юм алга. Энэ дээр л ухаантай байгаа ч гээд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд байгаа юм болов уу даа гэж ойлгож байна. Зээл аваад юм хийх биш. Хөрөнгө оруулалтыг татаж ирээд юм хийлгэх хэрэгтэй.

Төр өөрөө хувийн хэвшлийн хийж чадах асуудал руу орооцолдох биш, хувийн хэвшлийн хийх бололцоог хангаач гэсэн үг шүү дээ. Төр өөрөө нүүрс ухах асуудал биш шүү дээ. Төр мах бэлдэж байна, нүүрс ухаж байна, түлш шатахуун бэлдэж байгаа нь хэтэрч байна. Хэтрэлтийн цаана гажиг, зөрчил, алдагдал болж хувираад байна. Тэр алдагдал хаана буугаад байна гэхээр татвар төлж байгаа олон түмэн, баялаг бүтээж байгаа 200 мянган хүний нуруун дээр бууж байна.

Монгол бизнес эрхлэгчид сүүлийн үед Монголд бизнес эрхлэснээс гадаадад бизнесээ явуулах нь амар гэж ярьдаг болж. Хамгийн аюултай ийм нөхцөл байдал үүсээд байна уу даа гэж анзаарагдаж байгаа шүү. Үүн дээр л төр ухаантай байх хэрэгтэй. Бүгдийг төр хийх гээд байх хэрэггүй юм.