Д.Галсандорж: “Монголросцветмет” дампуурвал жоншны салбар элгээрээ хэвтэнэ
Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний салбар, тэр дундаа жоншны экспорт эрс буурсан. Энэ талаар Чингис хаан дээд сургуулийн Уул уурхайн сургуулийн захирал, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.
-Та Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, тэр дундаа жоншны салбарт олон жил ажилласан хүний хувьд жоншны баяжмалын экспортын хэмжээ эрс буурч буй шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Ер нь зөвхөн жонш гэлтгүй уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 2012 оны сүүлчээс унасан. Харин жоншны үнэ бага зэргээр унаж, эрэлт хэрэгцээ буурсан талаар хэд хэдэн шалтгааныг хэлж болно.
Монгол Улс жонш үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад, Мексик, Өмнөд Африкийн дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог. Нэг талаас жоншны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын үйлдвэрлэл эрчимжиж, зах зээл дээрх нийлүүлэлт нэмэгдэж байгаа бол нөгөө талдаа жоншны томоохон хэрэглэгч орнуудын хэрэглээ багассан нь жоншны үнийг бууруулахад нөлөөлсөн гол шалтгаан юм. Тухайлбал БНХАУ л гэхэд дэлхийн нийт үйлдвэрлэл, экспортын 60 орчим хувийг хангаж байна шүү дээ.
Өөр нэг шалтгаан нь томоохон хэрэглэгч ОХУ-ын Русал компанийн үйлдвэрлэлийн хэмжээ багасч зарим үйлдвэр хаагдсан. Ийм учраас манай жоншны үйлдвэрлэл, экспорт буурч байна.
-Жоншны экспорт өнгөрсөн онд ямархуу байсан бэ?
2012 онд манай улс нийт 428 мянган тонн жоншны баяжмал гаргасан.
-2012 онд манай улс нийт 428 мянган тонн жоншны баяжмал гаргасан. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 254 мянган тонныг л гаргасан. Энэ нь өнгөрсөн оны экспортын хэмжээний тэн хагасыг эзэлж байна. Энэ оны экспортын дүнгээс манай жоншны экспортыг харахад 46 хувийг нь БНХАУ руу гаргасан. Өөрөөр хэлбэл Хятадын жоншны олборлолт нэмэгдсэн ч эцсийн бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
Жоншны үйлдвэрлэлээс хөргөгчний шингэн, хөлөг онгоцны шатахуун гээд олон чухал бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тэгэхээр хэрэгцээ байнга өсөх стратегийн түүхий эдийн нэг. Харин манай улсад жоншны салбарт 40-өөд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс экспортын 20 хувийг “Монголросцветмет” нэгдэл, 6.5 хувийг нь “Монголчехметалл” ХХК эзэлж байгаа юм. Үлдсэн хувийг нь бусад жижиг аж ахуйн нэгж эзэлж байгаа. Жоншийг манайх зөвхөн хүдэр, баяжмал хэлбэрээр л гаргаж байна.
-Энэхүү чухал түүхий эдээ ямар үнээр экспортолж байгаа вэ?
-Өнгөрсөн онд 95 хувийн агуулгатай нэг тонн жонш 350 ам.доллар байсан. Харин одоо 300 ам.доллар болж үнэ унаад байна.
-Манай улсын жоншны үйлдвэрлэл, экспорт буурахад гадаад хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг ярилаа. Харин дотоод нөхцөл байдал ямар байна вэ?
-Жоншны салбарт Орос-Монголын хамтарсан “Монголросцветмет” төрийн өмчит компанид анхаарал тавих шаардлагатай болж байна. Энэ компани 2013 оны эхний дөрвөн сард ажиллаагүй. Учир нь ОХУ-ын худалдан авагчидтайгаа гэрээгээ хийж чадаагүй. Тэгээд худалдан авагчдын санал болгож байгаа үнээр жоншоо зарвал алдагдалд орох учраас сул зогссон хэрэг. Ний нуугүй хэлэхэд одоо зарж буй үнэ нь ч гэсэн үйлдвэрлэлийнхээ зардлыг чадан ядан нөхөж байна.
-Яагаад энэ оныхоо худалдааны гэрээг хийж чадаагүй юм бол?
Өнгөрсөн онд 95 хувийн агуулгатай нэг тонн жонш 350 ам.доллар байсан
-Төр солигдохоор бүх дарга нар солигддогийн хар гай. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд “Монголросцветмет”-ийн удирдлагууд солигдсон. Уул уурхайн чиглэлийн бус хүмүүс удирдлагаар ажиллаж байна. Тэдний туршлага, харилцагч байгууллагуудтайгаа хэл амаа ололцох тал дээр дутсанаас л гэрээгээ хийж чадаагүй болов уу. Энэ байдлаар цаашид ажиллавал жоншны салбарын тэргүүлэх компани болох “Монголросцветмет” дампуурах ихээхэн эрсдэлтэй юм.
Хэрвээ “Монголросцветмет” дампуурвал манай жоншны салбар элгээрээ хэвтэнэ гэсэн үг. Тиймээс энэ үйлдвэрээ тогтвортой ажиллуулахад төрийн байгууллагуудын зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна.
-“Монголросцветмет”-ийн 49 хувийг ОХУ эзэмшдэг. Тийм болохоор компани хүнд байдалд орсон энэ үед Оросын талаас санхүүгийн болон техник, технологийн тусламж үзүүлэх боломж хэр бол?
-ОХУ-ын хувьцаа эзэмшигчид сүүлийн 10-аад жил үйлдвэрт ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Гэхдээ асуудал бүр хүндэрвэл яаж шийдэх вэ гэдгээ талууд ярилцах л байх.
-Манайхан улсын үйлдвэрүүдээ ашиггүй ажиллаад, дампуурах дөхмөгц нь хувьчлах арга хэмжээ авдаг. Энэ байдлаар асуудлыг шийдэж болох юм биш үү?
-Жонш бол стратегийн чухал түүхий эд. Дээрээс нь ОХУ-ын химийн үйлдвэрүүд сэргээд, БНХАУ-ын үйлдвэрүүдийн эцсийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөв байна. “Монголросцветмет” компанийн хувьд алт, мөнгө, төмөр болон жоншны 20 гаруй лиценз эзэмшдэг том компани. Тэгэхээр менежментийн оновчтой, эрс шийдэмгий арга хэрэглэж чадвал санхүү, үйлдвэрлэлийн хүндрэлээс гарах бүрэн боломжтой.
-Жоншны нөөц нь хэд гэж батлагдсан бэ?
-Монгол Улсын хэмжээнд жоншны хүдрийн геологийн нөөц нь 80 орчим сая тонн гэж үздэг. Үүний 20 сая тонныг нь “Монголросцветмет” төрийн өмчит компанийн нөөц эзэлж байгаа. Өнгөрсөн оны есөн сарын байдлаар жоншны экспортын орлого 74 сая ам.доллар байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 63 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа.