УИХ-ын гишүүн Ц.Да­ваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.15

“Урт нэртэй”, Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг бие даагчид дэмжихгүй

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа. Үүнд УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ц.Да­ваасүрэн:

“Бид одоогийн орж ирж буй хуулийн төслөөс арай өөр байр суурьтай байгаа. Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл ганц Оюу толгойд зориулагдсан гэж бид үзэж байна. Хуулийн төсөлд байгалийн нөөц ашигласны төлбөр өсөн нэмэгдэх рояалтиг хоёр дахин буурсан байдлаар тусгаж өгч. Тухайлбал, ирэх жил 20 сая тонн алт экспортлоод 75 сая ам.доллар төлөх байсан бол 37.5 болж байна.

Тэгэхээр энэ бидэнд ашиггүй болж буй юм. Тиймээс Оюу толгойн үр өгөөжийг дахин эргэж харах хэрэгтэй болж байна. Хэрэв энэ хууль батлагдвал Монголын талд 53 хувийн ашиг гэж ярьж байсан зүйл байхгүй болно. “Урт нэртэй” хуулийн төсөлд бид мөн л эсрэг байр суурьтай байна. Энэ хэрэгжих ёстой хууль.

Тэнд байгаа 170 тонн алтны тухай ярих бус 1800 тонн алтны нөөцтэй Оюу толгойгоо ярих ёстой. Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн талаар ажлын хэсэг хуралдаж байгаа. Энэ салбарт баримтлах төрийн бодлогоо тодорхой болгох нь чухал байна. Алийг нь одоо ашиглаж, ямрыг нь хойч үедээ үлдээхээ шийдэх хэрэгтэй” гэв.  Мөн тэд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэгдмэл байр суурьт хүрчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-Иргэний эрүүл мэн­дийн даатгалын тухай хуульд бие даагчдын зөв­лөл ямар өөрчлөлт оруулахаар ярилцсан бэ?

“Урт нэртэй” хуулийг бие даагчид дэмжихгүй

-Бие даагчдын зөвлөл хуралдаж, хамтын шийдвэр гаргалаа. Иргэний эрүүл мэндийн даатгалд Монголын ард түмэн жилд 180 гаруй тэрбум төгрөг төлдөг. Энэ бол татвар биш. Гэтэл татвар мэтээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нь хариуцлаллыг бий болгож байна. Эрүүл мэндийн даатга­лын мөнгөөр бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэд сэтгэл дундуур байдаг.

Энэ тохиолдолд эмнэлгүүд даатгал төлөгч буюу өвчтө­нүүдэд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай үйлчилгээ үзүүлдэг байх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх ёстой. Түү­нээс биш Засгийн газар сайд нарт таалагдаж ажил­ладаг эмнэлэг чухал биш л дээ. Өвчтөнүүдэд таалаг­даж, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Энэ утгаа­раа даатгуулагчийн төлөөлөгч­дийн байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг томилдог, халдаг байх эрхтэй болж, улмаар төсвийг нь баталдаг байх ёстой.

Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын газар эмнэлгүүдэд хариуцлага тооцдог болж, тус газрын дарга сайд нарт бус даатгуулагчдад таалаг­даж ажилладаг болно. Ингэсэн цагт Монголын эрүүл мэндийн тогтолцоо цэгцэрч, хариуцлага сайжирна. Үүн дээр нэмээд хэлэхэд нийт өндөр өртөгтэй өвчин буюу хүнд хагалгааг Монголдоо оношилж, эмчлэх боломжийг нь хангадаг болмоор бай­гаа юм. Үүнийг хуулиар зохицуулахыг бие даагчдын зөвлөлөөс дэмжиж байр сууриа илэрхийлж байна.

-Нийгмийн даатгалд шимт­гэл төлсөн иргэд хүс­сэн үйлчилгээгээ авч чад­даг­гүй. Цалингаасаа сар бүр мөнгө төлж байгаа ч хүссэн үйлчилгээгээ авч ча­дахгүй буй юм чинь цаа­шид ийм нөхцөл бүрдэнэ гэдэгт эргэлзэж байна л даа.

-Монголын ард түмэн 180 тэрбум төгрөг төлдгөөс 140 тэрбумыг нь үлдэгдэл гэдэг нэрийдлээр Засгийн газар өөр зүйлд зарцуулдаг гэж бид үзэж байна. Энэ мөнгийг бүгдийг нь зарцуулдаг болчих­вол эрүүл мэндийн салбар арай өөр болно.

Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэдэг үг бий. Бид мөнгө өгөөд байдаг. Гэтэл өгсөн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулахгүй байгаа хэрнээ тэр мөнгийг их, бага гэж хэн ч ярих ёсгүй. Харин ч өгсөн мөнгөнд маань эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг өгснийхөө дараа энэ мөнгийг нэмэгдүүлбэл илүү сайн үйлчилгээ авах боломжтой гэж хэлж болно.