БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.12.06

Л.Гантөмөр: Манай төгсөгчид цаг үеэсээ хоцорсон мэдлэг эзэмшдэг

Боловсролын салбарыг шинэчлээд жил гаруй болж байна. Энэ ажлын хүрээнд суурь болон дээд боловсролын чанарыг сайжруулахын тулд багш нарын чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Ингэснээр боловсролын тогтолцоо өөрчлөгдөнө гэж тус салбарынхан үзэж байгаа юм.

ЕБС-ийн багш нар сурагч бүртэй тэгш харьцаж чаддагүй байдлыг халах үүднээс тэдэнд сурагч болгонд тэгш үйлчилж, хичээлийн хоцрогдлыг арилгаж байхыг шаардаж эхэллээ. Хүүхдийн суурь хүмүүжлийн асуудалд ч онцгой анхаарч байна.

БШУ-ны сайд  Л.Гантөмөр "Хойч үеэ мэдлэгтэй болгохоос гадна нийгэмд бие даагаад, өөрийгөө аваад явчихаар зөв хүмүүжүүлэх нь чухал. Энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа гол ажлуудын нэг нь “Авьяас” хөтөлбөр. Тус хөтөлбөрт ЕБС-ийн сурагчдын 60% нь хамрагдаж чадлаа.

Орчин үед хийж байгаа судалгаануудад оролцохгүйгээр 10-20 жилийн өмнөх судалгааны материалыг судалж төгссөн оюутан хуучинсагаар асуудалд хандаж цаг үеэсээ хоцордог. Тиймээс төрийн өмчит сургуулиудаа судалгааны төвүүд болгох хэрэгтэй." хэмээн хэллээ.

Багш нарын чадварыг дээшлүүлэх зорилгоор боловсон хүчнийг бэлтгэхэд зохицуулалт хийж эхлэв. Тухайлбал, ерөнхий эрдмийн шалгалтандаа өндөр оноо авсан сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөвчилдөг болов. Ингэснээр чанартай багш бэлтгэх үүд хаалга нээгдэнэ.

Харин дээд боловсролыг шинэчлэхдээ оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын идэвхийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ.

Сургалтын бааз маягтай байдаг их, дээд сургуулиудыг шинжлэх ухааны бааз болгосноор сургалтын чанар дээшилнэ. МУИС дэлхийн хэмжээнд сургалтын чанараараа 1375-д жагсдаг ч зардлаараа дээгүүрт ордог. Тиймээс дээд боловсролын тогтолцоог зайлшгүй шинэчлэх хэрэгтэйг Л.Гантөмөр сайд онцоллоо.