2013.11.14

Л.Гантөмөр: Үйлдвэрлэгчдэд шаардлага хангаагүй сурагчийн хувцасыг татах асуудал тавина

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй боловсролын салбарт хийж буй шинэчлэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Боловсролын салбарт шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. МУИС-ийн салбар сургуулиудыг нэгтгэхээр боллоо. Нэгтгэх процесс хэрхэн явагдах вэ?

-Шинэчлэлийн хамгийн тод томруунаар харагдах ажил нь бүтцийн өөрчлөлт. Энэ нь зөвхөн МУИС-аар тогтохгүй. Бүх сургууль дээр хийгдэх ёстой. Яагаад гэхээр их сургуульд нэртэй 15 биеэ даасан сургууль бий болчихсон байна. Энэ олон сургуулиуд тусдаа байхаар багш нарын нөөц хязгаарлагдмал болчихоод байгаа юм. Өөрийнхөө харьяалагдаж байгаа сургууль, тэнхимд л багш нар нь хичээлээ заадаг, өөр сургуульд заах боломжгүй байна.

МУИС нь дотроо асар том бүтцүүдийг бий болгочихоод байгаа юм. МУИС-ийн нэг салбар сургуульд математик, физик, биеийн тамирын багш хэрэгтэй байхад өөр салбар сургуулиасаа авч багшлуулахгүй, зөвхөн өөрсдийн багшаар заалгана гэсэн хандлага давамгайлчихаад байна. Хоёрдугаарт хэтэрхий олон доктор, профессорууд багшлах болоод эрдэм шинжилгээний ажлаас холдчихсон.

МУИС-д гэхэд 130 орчим дарга байна. Энэ 130 даргын 100 нь эрдэм шинжилгээний ажил, багшийн ажлаа хийвэл огт өөр нөхцөл бий болох байхгүй юу. Тийм учраас бид нар шинэчлэлээс маш их зүйлийг хүлээж байгаа. Зөвхөн төсөв мөнгийг хэмнэхээс илүүтэйгээр эрдэм шинжилгээний ажлыг эрдэмтэн багш, оюутнууд хамтарч хийдэг.

-МУИС-д бүтцийн өөрчлөлт хийгдэхээр тэнд ажиллаж байгаа багш, ажилчдаас цомхотгох уу?

-Эрдэмтэн багш, судлаачид ажилгүй болно гэсэн ойлголт байхгүй. Багшлах боловсон хүчин  хэрэгтэй байна. Багшлах хүн олдохгүй байна шүү дээ. Аль ч сургуульд багшийн хэрэгцээ байгаа. Тэгэхээр манай эрдэмтэд сургалт руугаа анхаарах хэрэгтэй. Дараа нь судалгааны ажил хүлээгдэж байна. Тэгэхээр ажилгүй болно гэсэн ойлголт байхгүй. Захирал байх уу, судлаач болох уу гэдэг асуудал яригдана. “Захирлаараа байна” гэж байгаа нь өөрөө буруу зүйл юм.

-Багш, эрдэмтдийг хөгжүүлэх болон судалгааны ажил руу түлхүү оруулна гэсэн үг үү?

-Сургуулиуд орлогынхоо ядаж 50 хувь нь эрдэм шинжилгээний ажлаас олж байдаг баймаар байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний ажил хийснээр нь бус хичээл зааснаар нь багш нарынхаа цалинг олгодог. Цаашид их сургуулиуд хичээл заахаас гадна эрдэм шинжилгээний ямар ажил хийв гэдгийг нь үнэлдэг, тэр үнэлгээгээр санхүүжилт нь шийдэгдэж байдаг байгууллага болж хөгжих ёстой.

-МУИС-ийн бүтцийг өөрчлөөд дотроо хэдэн сургуультай болох вэ?

-МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаад дөрвөн сургуультай байхаар шийдвэрлэсэн юм билээ. Мөн 50 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн баг ажиллаж байж ийм алхамд хүрсэн.

-Сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлье гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ ажил хэзээнээс хийгдэх вэ?

Монгол улсын их сургуульд 50 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн баг ажиллаж байж ийм алхамд хүрсэн.

-Их сургуулиудад мэдээллийн технологийг бүрэн нэвтрүүлнэ. Сургуулиудыг нээлттэй сургууль болгоно. Сургуулийнхаа ажлыг хийхийн хажуугаар их сургуулийн магистарт онлайнаар сурах боломжийг олгоё гэж байгаа. Хичээлийн лекцийг заавал анги руу орж авдаг биш гэртээ суухдаа, ажлаа хийж байхдаа, амралтын цагаараа өөрийн болгоод авчих боломжийг бүрдүүлэх чиглэлээр дээд боловсролын мэдээллийн нэгдсэн системийг хийж байна. Ирэх онд энэ нэгдсэн систем ашиглалтад орно.

Ингэсэн тохиолдолд боловсрол илүү нээлттэй болж, сургуулийн босгоор заавал орж сурдаг биш онлайнаар сургах боломжийг олгоно. Элсэгчдийн чанарыг дээшлүүлж байна. Энэ утгаараа энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг нэгдсэн онлайн системд шилжүүллээ. Хоёрдугаарт их, дээд сургуулийн сургалтын шинэчлэлийг одоо хийж байна.

Хөтөлбөрийн шинэчлэл хийгдэхээр тодорхой мэргэжлээр сурч байгаа хүүхдүүд тэр мэргэжил дээрээ сайн сурах боломжийг бий болгоно. Нийгэмд ямар мэргэжил хэрэгцээтэй байна түүгээр суралцуулах, мэргэшүүлэх боломжийг олгоно. Хажуугаар нь тухайн хүнд хэрэгтэй гэсэн мэдлэг олгохыг оролдож байна. Хичээлээ хийгээд, номоо сураад шаардлага хангасан нь төгсөнө. Сайн суралцаагүй, шаардлага хангаагүй улирна. Энэ бол маш тодорхой нэгдсэн систем дээр хийгдэж байгаа ажил.  

-Оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмжийг олгох асуудлыг УИХ хэлэлцэж байна. Ирэх онд оюутнуудад тэтгэмж олгох уу. Эсвэл бүр байхгүй болгох нь уу?

-Ирэх онд бүх оюутнуудад 70 мянган төгрөг өгье гэдэг байдлаар төсөвт өргөн барьсан. Хуучнаараа өгнө. Энд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Цаашдаа тавих шаардлагаа өндөрсгөх шаардлагатай юм байна гэж харж байгаа. 70 мянган төгрөгийн тэтгэмжээс шалтгаалаад сургуулиудыг хөгжүүлье, шахалт үзүүлье гэдэг зүйлийг ярьж байгаа. Сургууль хүүхдүүдийг сургаж байгаа юм бол ажилтай болго гэдэг шахалтыг байнга үзүүлж байх нь зөв юм байна гэдэг шийдлийг УИХ гаргаж байна. Би үүнийг зөв гэж бодож байна.

Төгсөгчдийн хэдэн хувь нь ажилтай болсон байна, түүнийг нь харгалзаж оюутнуудад нь сар бүр энэ тэтгэмжийг өгдөг байх асуудлыг шийддэг байхаар  ярьж байна. 70 мянгын тэтгэмж нь оюутнуудад суралцахад дэм болох, суралцаад гарахдаа ажлын байртай болоход нь түшүүрэг болох ёстой. Өнөөдөр сургуулийн төгсөгчдийн тэдэн хувь нь ажилтай болсон бол энэ тэтгэлгийг өгье гэдэг асуудлыг ярих нь эрт байна.

-Эрдэм шинжилгээний ажлыг сургуулийн багш, эрдэмтэд тогтмол хийж байх ёстой гэж та ярилаа. Гэтэл эрдэм шинжилгээний ажлыг  урамшуулах үнэлэмж хэр байна вэ. Муу гэсэн шүүмжлэл байдаг?

-Эрдэм шинжилгээний ажлыг хийсэн амжилтаар нь санхүүжүүлдэг хөшүүргийг гаргаж байна. Энэ чиглэлээр санхүүжүүлэх хөшүүргийг бодоод олсон байгаа. Мөн их сургуулиудыг түшиглэсэн шинжлэх ухааны парк байгуулах санаачилга гаргаад ажиллаж байна. Сая БНХАУ-д Ерөнхий сайд айлчлахдаа паркийн ажлыг эхлүүлэх, ТЭЗҮ-г гаргах чиглэлээр хоёр орны эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.

Энэ бол бидний ажлын үр дүн. Парк байгуулах ажил хийгдэж дуусахад маш өндөр түвшний даалгавар, захиалагчтай болно гэсэн үг. Төр мөнгө төлж чадахгүй байгаа учраас эрдэмтдийн сайн бүтээл ил гарч чадахгүй байна. Тэгэхээр бид парк байгуулснаар шинжлэх ухаанд хөрөнгө оруулдаг хүмүүсийг татаж байгаа юм. Хөрөнгө оруулагчдыг татаад ирэхээр манай эрдэмтдэд хамгийн орчин үеийн судалгааны ажлын захиалга өгч эхэлнэ. Захиалга аваад эхлэхээр өндөр цалинтай болно, дэлхийн хэмжээний судалгааны ажил руу орох, эрдэмтэд нийтээрээ хамрагдах боломж бүрдэнэ. Ингэснээрээ Монголын шинжлэх ухаан дэлхийн түвшинд шууд очих боломж бүрдэнэ.

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Танай яам хамгийн их төсөвтэй. Ирэх онд хэчнээн сургууль, цэцэрлэг баригдах вэ. Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ дутмаг байсаар байна?
Ирэх онд сургууль, цэцэрлэгийн 145 барилгыг ашиглалтад оруулах үүрэг хүлээж төсөвт өргөн барьсан.

-Ер нь манай салбарт бараг нэг сая хүн хамрагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр манай яамны төсөв их биш бага л гэж хэлмээр байна. Илүү том төсөв зарцуулдаг болох хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн хүүхэд, оюутнууд, тэгээд энэ салбарт ажиллаж байгаа хүнээ оруулахаар сая хүн хамрагдана. Тийм учраас төсвийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлээд явах ёстой юм байна.

Энэ жилийн хувьд шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэх төсвөө батлуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Хөрөнгө оруулалт дээр асуудал үүсч байна. Санхүү мөнгө хүндрэлтэй байгаагаас хөрөнгө оруулалтын хувьд төсвөөр тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх боломжгүй байгаа. Ирэх онд сургууль, цэцэрлэгийн 145 барилгыг ашиглалтад оруулах үүрэг хүлээж төсөвт өргөн барьсан.

Харамсалтай нь зураг төсөл, үнэ өөрчлөгдсөн байдлаас болоод дөрвөн сарын 1-н хүртэл санхүүжилтийг нь хийхгүйгээр хойшлуулж байна шүү дээ. Тийм учраас дөрөвдүгээр сарын 1-дээ санхүүжилт нь шийдэгдчихвэл 145 обьектыг ашиглалтад оруулна. Одоо хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс сургууль, цэцэрлэгтэй холбоотой саналууд гарч байгаа. Тэгэхээр эцсийн тоо гарна. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 95 барилга дээр саналаа гаргаад ажиллаж байна.

-Сурагчийн дүрэмт хувцсыг энэ хичээлийн жил шинэчилсэн. Дүрэмт хувцас чанаргүй, бөөсөрсөн байна гэдэг гомдлыг эцэг эхчүүд хэлсэн байна лээ. Танд энэ гомдол ирсэн байх?

Сурагчийн дүрэмт хувцсыг энэ хичээлийн жил шинэчилсэн. Дүрэмт хувцас чанаргүй, бөөсөрсөн байна гэдэг гомдлыг эцэг эхчүүд хэлсэн байна лээ. 

-Тийм,  Надад их олон сонсогдож байгаа. Би үйлдвэрлэгчдэд хандаж шаардлага хангахгүй байгаа хувцсыг буцааж татах асуудлыг тавина. Чанартай хувцсыг хүүхдүүдэд хүргээсэй гэж боловсролын сайдын хувьд хүсч байгаа.

“Тоёото” автомашин чанарын доголдол гарангуут өөрийнхөө автомашиныг татдаг шиг хувцсыг нь солихын төлөө бид ажиллана. Үүн дээр бөөн хуулийн асуудал үүсэх байх. Гэхдээ Засгийн газар, Үйлдвэр,  хөдөө аж ахуйн яамнаас хөрөнгө оруулалтыг  нь хийгээд дэмжсэн болохоор нааштай шийдвэр гарна гэж найдаж байна.

ҮХАҮТ-аас яамдын хүнд сурталтай холбоотой судалгаа гаргасан байсан. Энэ судалгаагаар танай яам гуравт жагссан байсан. Тэгэхээр танай салбарт хүнд суртал их байна гэдэг ойлголт төрөөд байна?

-Харин ч сая хүнд үйлчилж байгаа яам гэхэд шуурхай үйлчлэхийг хичээдэг. Манай яамны дэргэд улсын агентлаг байдаггүй. Тэгэхэд 100 компанид үйлчилдэг улсын агентлаг олон байна. Татварын байгууллагыг л харахад 3000 компаниас татвар авахад гурван мянган байцаагч ажиллаж байна. Гэтэл манайх сая хүнд үйлчилгээ үзүүлдэг яам гэхэд 73 хүний бүтэцтэй ажилладаг. Тэгэхээр ачаалал ихтэй завгүй ажиллаж байгаа юм.

Манай салбарын үйлчилгээг хүмүүс ямар нэгэн байдлаар сайн, муу гэж ярих нь тухай хүмүүсийн асуудал юм. Гэтэл Засгийн газрын 11-11 төвд гаргасан санал гомдлын хариуг хамгийн түргэн шуурхай  өгсөн яамаар бараг хагас жил шахам тэргүүллээ.

Засгийн газрын хүмүүс бодьтой судалгаа хийж байгаа гэж ойлгож байгаа. Манай яам ажлаа цалгардуулж байгаа зүйл байхгүй. Ачаалал их, ажлаа дийлэхгүй зүйл бий. Хүн хүчний хүрэлцээ муу байна. Булган аймгийн Тэшиг сумын сургуулийн барилгын хана цуурахад л яаманд асуудал тавигдаж байна шүү дээ. Гэтэл надад 3000 орчим барилга байна шүү дээ. Тэр болгонд хүрч ажиллахад үнэхээр хүнд байна.

-Р.Амаржаргал гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалзлаа. Та нэг тойргоос хамт УИХ-д сонгогдсон гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид хоёр дөрвөн жилийн хугацаанд улс орноо хөгжүүлнэ гээд адилхан санаа бодолтой сонгуульд орсон. “Сүхбаатар дүүргээс гурван удаа сонгогдсон. Намайг тааруу ажилласан гэж байгаа бол битгий дүн тавиараа.

Тодорхой үүргээ гүйцэтгэсэн гэж байгаа бол саналаа өгөөрэй. Харин Р.Амаржаргал гишүүн сайн эдийн засагчийнхаа хувьд Монголын төрд байх ёстой хүн шүү” гэж тойргийнхоо сонгогчдод хэлж сонгуульд оролцсон. Өнөөдрийн тухайд Р.Амаржаргал гишүүний тухай сэтгэгдэл хэлэх эрт байна. Дээрх шийдвэрийнхээ тухай Р.Амаржаргал гишүүн надтай яриагүй. Гишүүний өргөдлийг УИХ-аар хэлэлцэх явцад саналаа тэр үед нь хэлнэ.