УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд
2013.11.27

Хэнтийчүүд Хэрлэн голоо «өмөөрч» байна

МАН-ын дарга М.Энхболдын зүүн аймгуудад ажилласан томилолт Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Ням гаригийн өглөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод байрлах Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа Баруун-Урт хотын 300 гаруй иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. МАН-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд намын XXVII Их хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, улс орны эдийн засаг, нийгмийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Үүний дараа иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Баруун-Урт хотын хувьд сүүлийн хэдэн жил бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөн бөгөөд харьцангуй хурдацтай хөгжиж байгаа гэдгийг ард иргэд нь хэлж байлаа. МАН-ын Их хурал түүнээс гарсан шийдвэр, намын даргын томилгоон дээр иргэд саналаа хэлсэн.

Тухайлбал, "Тал булаг”-ийн уурхайн захирал С.Цэрэндондов “МАН зөв хүнээ намын дарга болголоо гэж би харж байгаа. М.Энхболдын хувьд багаар ажиллах чадвартай, улс төрд хат суусан, Улаанбаатараас эхлээд улсаа бүтнээр удирдаж явсан энэ хүнд МАН-ын мянга мянган гишүүн итгэж найдаж байгаа.

МАН-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд намын XXVII Их хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, улс орны эдийн засаг, нийгмийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ хүний Сүхбаатар аймагт оруулсан хувь нэмэр бага биш. Уяачдын холбооны ерөнхийлөгчийнхөө хувьд Монгол адууг гиннесийн номонд бүртгүүлсэн. Энэ хүний ачаар Дарьганга адуу үнэд орж энэ нь сүхбаатарчуудын амьдралд тус нэмэр болсон гэдгийг бид бодох ёстой” гэсэн юм.

Мөн аймгийн Ахмадын холбооны дарга Халтар “Энэ төр ахмадуудаа орхилоо. Н.Алтанхуяг тэтгэвэр нэмнэ гээд байсан.Тэгсэн хэрнээ нэмсэн зүйлгүй байна. Гэтэл сая нэмэх нь нэмнэ ээ, гэхдээ хэдээр нэмэхээ хэлэхгүй, нууц гээд байх юм. Монгол байтугай дэлхийд нууц юм байхгүй болчихоод байхад хэдэн төгрөгөөр хэрхэн нэмэгдүүлэхээ тодорхой хэлчихгүй юунд нь ингэж байдаг юм. Тиймээс ахмадуудын тэтгэврийг дор хаяж 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна гэж дамжуулаад өг” хэмээлээ.

Харин ахмад настан Бадамын хувьд өөрөө элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа бөгөөд гурван удаа хавдраа тусгаарлах боолт хийлгэсэн аж. Ер нь Сүхбаатар аймгийн иргэдийн дунд сүүлийн үед элэгний өвчлөлийн асуудал их байгаа бөгөөд үүнд анхаарахыг сануулсан. Нөгөөтэйгүүр сүүлийн үед барилгын ажил их явагдаж байгаатай холбоотойгоор хятад барилгачид олноороо амьдрах болсон байна.

Үүнээс шалтгаалан өсвөр насны хүүхдүүдээ сэтгэл тайван хичээл сургуульд нь явуулж чадахгүй байгаа талаараа Чулуунбаатар хэмээх эмэгтэй учирлаж байсан юм. Сүхбаатар аймагт ажилгүй залуучууд олон байхад заавал гаднаас хүн оруулж ажиллуулах нь бас л төрийн буруу бодлогын нэг гэж үзэж байгаагаа дуулгасан.

Өргөн хэрэглээний барааны үнэ өсч байхад цалин тэтгэвэр нэмэхгүй байгаагаас иргэдийн амьдрал хүндэрч байна.

Төгсгөлд нь МАН-ын ахмад гишүүн Намжилдорж “МАН эв нэгдэлдээ анхаарах хэрэгтэй байна. Түрүүлье гэвэл морио сайн уя гэдэг шиг намаа өөд нь татъя гэвэл боловсон хүчиндээ анхаар. Зөв хүмүүсээ дэмж. Буруу ааштай хүн төрийн ажилд ч тэгж хандах учраас хүнийх нь мөн чанарыг сайн харж байж дэмжиж, өргөж бай” гэсэн сургаалыг хэллээ.

Ийнхүү Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын иргэдтэй хийсэн уулзалт өндөрлөсөн юм. Үүний дараа тэд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ажиллалаа. Хэнтий аймгийн иргэдийн хамгийн их хөндөж байсан асуудал нь Хэрлэн мөрнийг дундаас нь тасалж урсгахаар ярьж буй асуудал байсан.

Хэрлэн мөрний ундарга татарч байхад ингэж урсгах нь хэтдээ энэ голыг ширгэхэд хүргэж ингэснээр Хэнтий төдийгүй Дорнод аймгийн иргэд уух усгүй болоход хүрээд буйг хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байхад цалин тэтгэвэр нэмэхгүй байгаагаас иргэдийн амьдрал хүндэрч байгааг хэлж байсан.

Тухайлбал, ахмад настан Дашдорж “Миний хувьд 180 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Гэтэл цагаан будааны үнэ 2800 төгрөг болж өссөн байна. Нэг гутал авч өмсөх гэхээр 250 мянган төгрөг болж өслөө. Ингэхээр нэг гутлын үнэд хүрэхгүй мөнгөөр ард иргэд яаж амьдрах вэ. Иймээс ахмадуудын тэтгэврийг ядаж 250 мянган төгрөгт хүргэвэл хэрэгтэй байна” хэмээлээ.

Хэрлэн мөрний ундарга татарч байхад дундаас нь тасалж урсгахаар ярьж буй нь энэ голыг ширгэхэд хүргэж ингэснээр Хэнтий төдийгүй Дорнод аймгийн иргэд уух усгүй болоход хүрээд байна.

Мөн МАН-ын ахмад гишүүн Загдаа “МАН-ын гишүүд ахмадуудаасаа үг сонсохгүй байна. Тэгсэн хэрнээ намын үүрийн ажил хийж байгаа хүмүүс нь годгоносон охид хөвгүүд гүйлдээд юу хийхээ мэдэхгүй явж байна. Тиймээс олон жил энэ намын төлөө ажиллаж, номын дуу сонсч байсан ахмадуудаа намынхаа ажилд оролцуулж үгийг нь сонсч бай” гэсэн захиасыг хэллээ.

Мөн тэрбээр Ерөнхий сайд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж тусална гэсэн хэрнээ тусламж үзүүлэхгүй, 21 мянган төгрөг ч өгөхгүй байгаад гомдолтой яваагаа хэлсэн. Харин АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Гарамгайбаатар Өндөрхаан хотод ирэхдээ “Хэрлэн мөрөнг тасалж өөр тийш нь урсгахгүй гэж амласан хэрнээ биелүүлэхгүй байна.

Үүний оронд Өндөрхаан хотыг “Чингис” гэж нэрлэнэ хэмээн амьдралаас хол тасархай юм ярьж яваад нь шүүмжлэлтэй хандаж байгаа” гэсэн юм. Ийнхүү Хэнтий, Сүхбаатар аймгийн томилолт өндөрлөсөн юм. Уулзалтын төгсгөлд хоёр аймгийн намд шинээр элсэж буй залууст намын батлах гардуулж, намынхаа төлөө бүтээлчээр, ажилласан хүмүүсийн энгэрийн мялаалаа.