Гадаадын хөрөнгө оруулалтыг хаахгүй гэв
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, энэ хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт байхгүй аж.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах талаар дэлхийн бусад орнуудын бодлого, хандлагыг үзэхэд хязгаарлалтууд үндсэндээ стратегийн ач холбогдолтой салбаруудад голдуу тавигддаг байна. АНУ-д л гэхэд агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон байдаг ажээ.
Дээрх хуулийн төсөлд стратегийн ач холбогдолтой салбарууд гэдэгт хэтэрхий олон салбарыг хамруулсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг түлхсэн явдал болно гэж гишүүн Л.Болд үзэж байлаа. Энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боохгүй гэдгийг төсөл санаачлагч гишүүн Г.Занданшатар хэлж байсан.
Зөвхөн өрсөлдөөнийг зах зээлийн журмаар явуулах, хууль бус монополь тогтоохоос сэргийлж байгаа гэнэ. Хөрөнгө оруулалтыг хаахгүй, харин стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадынхан хөрөнгө оруулахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авдаг болох юм байна.Гадаадын хөрөнгө оруулалтыг хаахгүй гэв.