С.Эрдэнэ: Монгол төрийн анхны нэгж нь өрх гэр бүл
Өчигдөр төрийн ордонд “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” үндэсний чуулган болов. Чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Сонирхолтой нь чуулганы бүх төлөөлөгч гэр бүлийн хоёр буюу хосоороо оролцсон нь монголдоо анхдагч шинэлэг арга хэмжээ байлаа.
Чуулганы нээлтийн дараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Танай яамны зүгээс “Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ыг шинэчлэн боловсруулахын зэрэгцээ Гэр бүлийн тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл дээр ид ажиллаж байгаа гэсэн. Энэ чуулга уулзалтаас гарах санал санаачлагуудыг шинээр гарах хууль эрх зүйн баримт бичигт тусгах уу?
-Ер нь төр улс оршин тогтнох үндэс нь гэр бүл байдаг. Бат бэх гэр бүл дээр суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулах ажлыг ХАХНХ-ын яам эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бидний гол зорилго бол өнөөдрийн гэр бүлийн үнэ цэнийг өргөх, гэр бүлийн бат бэх байдлыг яаж бэхжүүлэх вэ, хэрхэн ямар арга замаар өв тэгш гэр бүлийг цогцлоон байгуулж, өнө удаан бат тогтвортой хадгалах вэ гэдэгт чиглэгдэж байна.
Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 768 мянган өрхийн бат бэх байдлыг хангах, тэдгээр гэр бүлд амьдарч байгаа хоёр сая есөн зуун мянган иргэнийхээ хөгжлийн бодлогыг яаж хангах вэ гэдэгт гол бодлого, зорилгоо чиглүүлж ажилласан.
-Гэр бүл, хүн амд чиглэсэн бүх бодлого ерөнхийдөө базаж, зангидагдаад явж байгаа гэж ойлгож болох уу?
-Арай тэгж ерөнхийд нь ойлгож болохгүй. Бид нийт хүн амаа таван бүлэгт хуваан асуудлуудыг нь тусад нь авч үзэж байгаа. Энэ ч чиглэлээр хүн амын тодорхой бүлгүүдийн Үндэсний чуулгануудыг амжилттай зохион байгуулсан.
Ингээд хүн ам зүйн хөгжлийн бодлогын гол зангилаа болсон гэр бүлийн Үндэсний чуулганыг “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” нэрийн дор зохион байгуулж байна. Эхний өдөр таван салбар чуулган зохион байгуулагдсан бол өнөөдөр /өчигдөр/ хоёр дахь өдрөө нэгдсэн чуулганаа хуралдуулж байна. Өнөөдрийн чуулганаас гарсан зөвлөмж дээр тулгуурлан Гэр бүлийн талаар төрөөс баримтлах болдлого, Гэр бүлийн хууль зэрэг эрх зүйн гол бичиг баримтуудыг шинэчлэн боловсруулах зорилго тавьж байгаа.
Дээр нь хүн амын хөгжлийн цогц бодлогын стратегийн баримт бичгийн гол утга санааг энэ чуулганаас олж авах зорилго тавьж байна. Учир нь энэ чуулганы төлөөлөгчид нь монголд анх удаа нэг гэр бүлийн гишүүдийг хамтад нь оролцуулж байгаагаараа өнөөдөр өрх гэрт үүсдэг хүндрэл бэрхшээл, тэндээс гарах арга замыг амьдралд ойр байдлаар зохицуулах талаар харилцан ярилцаж байгаагаараа ихээхэн шинэлэг төдийгүй, гарах үр дүн нь ч амьдралд хэрэгжүүлэхэд ойр дөхөм байх болно гэж тооцоолж байгаа.
-Гэр бүлийн тухай хуулийн зүйл заалтаас 30 гаруй хувийг нь өөрчлөн найруулж байгаа талаар яригдаж байна. Зайлшгүй тийм хэмжээний өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй юу?
-Гэр бүлийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэвэл маш их хугацаа шаардагдана. Би үгийнхээ эхэнд тэмдэглэн хэлсэнчлэн төр улс оршин тогтнохын үндэс болсон гэр бүлийн бүх л харилцааг зохицуулдаг хууль эрх зүйн баримт бичгийн талаар нэгдсэн цогц ойлголт өгөхийн тулд асуултад хариулах байдлаар тайлбарлах боломжгүй юм.
Гэр бүлийн үнэ цэнэ чуулган 2013
Үндсэндээ гэр бүлийн орчинд байгаа шинэ хандлагуудыг эрх зүйн зохицуулалтаар зохицуулах үндсэн зорилгыг бид өмнөө тавьсан.
-Гэр бүлийн хүрээнд үүсч байгаа шинэ хандлагууд, эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардагдаж байгаа тулгамдсан асуудлуудын талаар арай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Бидний амьдарч байгаа цаг үе, орчин нөхцөл, дэлхий нийтийн хөгжлийн төлөв байдлыг дагаад монголын маш олон гэр бүлд цоо шинэ хандлага, чиглэл амьдралаас урган гарч ирж байна. Өнөөдөр хүүхэд үрчлэлийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн асуудал, тэгээд дээр нь гэр бүлийн цоо шинэ чиг хандлагууд гарч ирж байна.
Жишээ нь хамтран амьдрагчийн эрх зүйн асуудлыг хэрхэн зохицуулах юм, гадаадад байгаа олон соёлт гэр бүлийн асуудал, олон соёлт гэр бүлээс төрсөн хүүхдийн асуудал гээд зайлшгүй цоо шинэ эрх зүйн актаар зохицуулагдах учиртай тулгамдсан олон шинэ асуудал босч ирж байна. Эдгээр бүх л асуудлыг маш уян хатан, алсыг харсан байдлаар шийдвэрлэх гэр бүлийн цоо шинэ хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлыг манай яам хариуцан гүйцэтгээд явж байна.
-Дэлхийн даяарчлалыг дагаад олон соёлт гэр бүлийн асуудал нь ганц манайх ч биш их олон улс орнуудад цоо шинээр босч ирж байгаа бас л нэг төрлийн “толгойны өвчин” болоод байгаа. Энэ талаар Монгол Улс, танай яамны зүгээс баримталж байгаа бодлогыг арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-“Толгойны өвчин” гэх нь ч хаашаа юм. Гэхдээ л энэ асуудал бол дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь маргашгүй үнэн. Олон соёлт гэр бүлийн талаар гэр бүлийн орчинд цоо шинэ эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Монгол Улсын хувьд давхар иргэншлийн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл монголдоо юм уу Япон, БНСУ, АНУ гээд дэлхийн өнцөг булан бүрт очоод гадаадын иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд өдөр ирэх тусам олширч байгаа.
Олон соёлт гэр бүлийн дундаас мэндэлж байгаа хүүхдийн асуудал ч сүүлийн үед хурцдах маягтай болсон. Жишээ нь БНСУ-д монголын 2000 гаруй бүсгүйчүүд тэдний иргэнтэй гэр бүл болж, олон соёлт гэр бүлийн харилцаа үүсгээд явж байна. Тэдгээр гэр бүлүүдэд бас л 2000 хол давсан хүүхэд өсөн бойжиж байгаа.
Тэдгээр хүүхдүүдийн тухайд гэхэд л ирээдүйд аль улсын харьяат болох вэ, тэдний эрхийн асуудлыг аль тал нь хариуцах ёстой юм гээд маш нарийн хууль эрх зүйн орчин шаардагдаад эхэлж байгаа юм. Өнөөдөр АНУ-д гэхэд л монгол хүнээс төрсөн мөртлөө монгол хэл мэдэхгүй, монголын талаар ямар ч ойлголтгүй шахам хэдэн зуун хүүхэд өсөн торниж байна. Зөвхөн тэнд байгаа олон соёлт гэр бүлийн хүүхдүүдийн талаар гэхэд л маш нарийн хууль эрх зүйн орчин шаардлагатай болоод ирж байна.
Энэ бүх асуудалд цаашдаа тухайн улс орнуудтай хамтарч ажиллах, төрийн эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, гэрээ контракт байгуулах гээд маш их ажил хүлээгдэж байгаа. Зөвхөн эдгээр гэрээ, бичиг баримтыг гэхэд л ямар эрх зүйд үндэслэн байгуулах вэ гэдэг нь өөрөө маш том асуудал болоод явчихаж байгаа юм. Тэгэхээр одоогийн мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хуулинд энэ талын наад захын зохицуулалт байхгүй.
Энэ чиглэлд иргэний нийгмийн байгууллагууд, олон төрлийн ТББ-ууд, яам тамгын газруудтай нягт уялдаж тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр уйгагүй ажиллаж байна. Одоохондоо Гэр бүлийн тухай хууль маань төслийн хэмжээнд явж байгаа учир өнөөдөр шийдвэрийн түвшинд танилцуулах боломжгүйг ойлгоорой.
-Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн хүрээнд нэлээн тулгамдаж байгаа нэг асуудал нь гадны иргэдэд хүүхэд үрчлүүлж байгаа тухай юм. Энэ асуудлыг хойшид хэрхэн зохицуулах вэ. Хууль эрх зүйн хүрээнд хэрхэн авч үздэг юм бол?
-Энэ бол монгол хүний ген, удамшлын асуудалтай холбоотой их эмзэг сэдэв мөн. Бүрэн бус тооцоогоор 400 гаруй хүүхэд харьд үрчлэгдсэн судалгаа байгаа. Үүний дийлэнх нь АНУ-д тэгээд Европ, Азийн улсуудад үрчлэгдсэн тоо баримт бий. Монголоос тухайн улсуудад ажиллаж байгаа Элчин сайдын яам, консулын газрууд эдгээр хүүхдийн асуудалд тун хойрго, хөшүүн байдлаар хандаж ирсэн нь нууц биш.
Яалт ч үгүй монгол хүнээс төрсөн монгол хүүхэд тул тэдний ирээдүйд зайлшгүй анхаарал тавих ёстой. Би саяхан Вашингтонд айлчлах үеэрээ тэнд байгаа Элчин сайд, консулуудтай уулзаж яг энэ асуудлаар санал солилцсон. Ер нь энэ жилээс эхлээд АНУ-ын холбогдох байгууллагуудаас хүүхэд үрчлэл буюу монголоос үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх тоо баримт, мэдээг бүрэн авч, тэдний аюулгүй орчинд өсөн торних баталгааг гаргуулдаг болох талаар албан ёсны ажлын эхлэлийг тавьсан.
Ирэх оны эхнээс энэ талаарх тоо баримтыг манай яаманд албан ёсоор ирүүлэх талаар харилцан тохиролцоонд хүрсэн. Энэ нь Монгол шиг жижигхэн орны хувьд багагүй амжилт юм. Эцэст нь хэлэхэд хүн амын цогц бодлогын баримт бичиг нь өнөөдрийн гэр бүлийн асуудалд тулгуурлан боловсруулагдах учиртай. Учир нь гэр бүлээс хамааралгүй хүн амын бүлэг, өрхийн гишүүн, иргэн гэж байхгүй. Тэд бүгд нийгмийн анхдагч орчин болох гэр бүлд амьдарч, үйл ажиллагаанд оролцдог нь байгалийн хууль.
Өөрөөр хэлбэл Монгол төрийн анхны нэгж бол өрх гэр бүл. Энэ тухай түүхэн сурвалж бичигт ч тэмдэглэн үлдээсэн нь бий. Монгол Улс ХХI зууны хөгжилтэй хөл нийлүүлэн алхъя л гэж байгаа бол хамгийн эхлээд бат бэх гэр бүлд тулгуурлах учиртай. Манай яамны гол зорилго ч энэ асуудалд чиглэгдэж байгаа юм.