Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван
2013.10.07

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордонг 21 аймаг, есөн дүүрэгт байгуулна

Ийгл телевизийн Зочны цагт Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван оролцлоо.  

-Хүүхдийн төлөө үндэсний газрын хамгийн сүүлд хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/ бол ХАХНХ-ын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг статустай үйл ажиллагаагаа явуулаад жилийн хугацаа өнгөрч байна.

Бидний хамгийн чухалд тавьж буй асуудлуудын нэг болох хүүхдүүдийнхээ хэрэгцээг тодорхойлж байгаа. Хүүхдүүдийн хэрэгцээг тодорхойлж, хэрэгцээнд нь тулгуурласан бодлого, үйл ажиллагаа явуулах зорилготой. Мөн хүүхдийн асуудлыг ярихаар гэр бүлийн асуудал яригддаг.

Тиймд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт үндэсний  хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сараас орон даяар хэрэгжүүлсэн. Эхний шатны дүгнэх үйл ажиллагааг хийсэн. Одоо 10 дугаар сард “Гэр бүлийн хөгжил шинэчлэл” чуулганы бэлтгэл ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

-Судалгаанаас харахад өнөөдрийн монгол хүүхдүүдийн хэрэгцээ юун дээр тулгуурлаж гарч ирж байна. Хүүхдүүд юу хүсч мөрөөддөг, ямар хэрэгцээтэй болсон байна вэ?

Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн судалгаанаас харахад 60 хувь нь гэр бүлийн орчин дахь дарамт, 22 хувь нь сургуулийн орчин дахь дарамт, 11 хувь нь гэр бүл доторх архидалттай холбоотой байдаг.

-Бид хүүхдийн хэрэгцээг тодорхойлохдоо олон талын судалгаа, тоо баримтад үндэслэсэн. Гурван үндсэн объектийг тодорхойлоод, энэ дээрээ үндэслэн судалгаагаа хийсэн. Өнөөгийн хүүхдийн хөгжилд маш олон өөрчлөлт гарсан нь харагдаж байгаа.

Ялангуяа эдийн засаг, техник технологийн хурдацтай хөгжилтэй уялдуулаад хүүхдийн оюун санаанд, хүнс хэрэглээний бүтээгдэхүүнээс шалтгаалаад хүүхдийн бие бялдар, эрүүл мэндэд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан.

Өнөөдөр хүүхдүүдийн хэрэгцээний хамгийн гол чухал үзүүлэлт юу байна гэхээр хүүхдүүдэд хөгжих орчинг бий болгох, сонсох шаардлагатай. Гэр бүлийн дулаан уур амьсгал үүсгэж, эцэг эх нь хүүхдүүддээ анхаарал халамж тавих ёстой гэсэн үндсэн үзүүлэлтүүд гарч ирсэн.

-ХТҮГ, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн ТББ-уудтай яаж уялдаж, уялдаа холбоотой ажилладаг вэ. Мөн гэр бүлийн хүрээнд, нийгмийн орчинд хүүхдийн эрх хэрхэн зөрчигддөг вэ?

-Энэ асуудал дээр ТББ-ууд маш сайн ажилладаг. ТББ-ын хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээгүйгээр байгууллагынхаа ажлыг төсөөлөх ямар ч боломжгүй.

Төр хүүхдүүдэд тулж үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа тохиолдолд энэ ажлыг ТББ-ууд хийж байгаа учраас тэдний оролцоо маш чухал. Хамтарч ажиллаж буй ТББ-аа аль болох дэмжих бодлого барьдаг. Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой нилээн олон судалгаанууд хийгдсэн байдаг.

Ялангуяа хүчирхийлэлд өртсөн, гэрээсээ дайжсан, тэнэмэл хүүхдүүдийн судалгаанаас харахад 60 хувь нь гэр бүлийн орчин дахь дарамт, 22 хувь нь сургуулийн орчин дахь дарамт, 11 хувь нь гэр бүл доторх архидалттай холбоотойгоор гэрээсээ дайжсан байдаг.

Түүнчлэн манайд насанд хүрээгүй гэмт хэрэгт холбогдогч, хохирогч болсон хүүхдүүдийн судалгааг харахад 60-70 хувь нь мөн л гэр бүлийн орчин дахь дарамтаас болдог.

-Төрийн энэ байгууллагатай хүүхдийн дуу хоолой хэрхэн уялдаж, хүүхдийн төлөөлөл танай байгууллагын удирдах шатанд яаж оролцож ажилладаг вэ?

-Өнгөрсөн 6 дугаар сард хүүхдийн “Бид хөгжье, оролцъё” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулсан. Чуулганы онцлог нь хүүхдүүд чуулганаа өөрсдөө удирдаж, зохион байгуулсан. Орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ оролцуулсан.

ТББ-ын хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээгүйгээр байгууллагынхаа ажлыг төсөөлөх ямар ч боломжгүй.

Асрамжийн төвд хүмүүжиж, шашны төвд суралцаж буй хүүхдүүдийн оролцоог хангасан. Дээр нь эрхээ хязгаарлуулсан хэдий ч тэр хүүхдийн оролцох эрх нь нээлттэй байгаа гэдэг утгаараа гэмт хэргийн улмаас насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр ангид хоригдож буй хүүхдүүдийнхээ бодит оролцоог хангасан чуулганыг зохион байгуулсан.

Мөн бид Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-тай хамтран нийслэл орон нутаг бүх түвшинд хороодын дэргэдэх иргэний танхимаар дамжуулан хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ дээр бас хүүхдийн оролцоог хангана. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордонг 21 аймаг, есөн дүүрэгт байгуулна гэж орсон. Тэр хүрээнд эхний хоёр ордны барилгын ажил эхэлсэн байгаа.

-Хаана хаана хүүхдийн ордон баригдах ажил эхэлсэн бэ?

-Ховд аймагт эхэлсэн. Төв аймгийн энэ оны төсөвт орсон байсан. Нийслэлийн хэмжээнд БГД-т хүүхэд, гэр бүл хөгжлийн ордон байгуулагдахаар газрын зөвшөөрөл гараад, зураг төслийн үйл ажиллагаа тендер зарлагдаад явж байгаа.  

-Бодит байдал дээр гэр орноосоо дайжсан, гудамжинд амьдарч байгаа, орох оронгүй хүүхдүүдийн тоо хичнээн байна вэ?

-ХТҮГ-ын харьяа хүүхэд хамгаалал үйлчилгээний газар, төв байдаг. Гэр орноосоо дайжсан, тэнэмэл хүүхдүүдийг тэр байранд хүмүүжүүлэх, боловсролын болон бие бялдрын хөгжлийн хүмүүжил олгодог. Өнөөдрийн байдлаар тэнд 50 гаруй хүүхэд хүмүүжиж байна.

Хүүхдүүдийнхээ хүмүүжлийг харахад гэр орон дахь уур амьсгал байгаагүй, эцэг эх нь архи уудаг учраас гэр орноосоо дайжсан эсвэл гэр бүлээ тэжээхийн тулд гудамжаар гуйлга гуйдаг, орлогын эх үүсвэр бий болгодог хүүхдүүд байсан нь тодорхой байсан.