Хүүхдийн эрхийг хамгаалахад нэг шат ахилаа
УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.10.07

Хүүхдийн эрхийг хамгаалахад нэг шат ахилаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол”-д гарын үсэг зурлаа.   

 Монгол Улс энэхүү нэмэлт протоколд нэгдсэнээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах ялангуяа Хүүхдийн эрхийн Конвенци, түүний нэмэлт протоколуудын хүрээнд хүүхдүүд бусад эрх эдлэгч субьектийн адил өргөдөл гомдлоо олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрднэ.

Мөн Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үндэсний нэгдсэн механизмыг бий болгон бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.     

Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол улсын Засгийн газар, ХАХНХЯ, ГХЯ -аас Олон Улсын байгууллагад гомдол гаргах эрхийг олгоно. Тус протоколд одоогоор дэлхийн 8 улс нэгдэн орж, 42 улс гарын үсэг зурсан байна.     

Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” нэмэлт протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” нэмэлт протоколд 2004 онд тус тус нэгдэн орсон билээ.