34 жил агрономи хийхдээ ийм цамаан загнасан түүх байхгүй
"Дэлгэр-Уянга" ХХК-ийн захирал Л.Болдбаатар
2013.09.27

34 жил агрономи хийхдээ ийм цамаан загнасан түүх байхгүй

Монголын тариаланчдын холбооны тэргүүлэгч гишүүн, "Монгол төмс" хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн гишүүн, "Дэлгэр-Уянга" ХХК-ийн захирал Л.Болдбаатартай төмс, хүнсний ногооны тариалалт, борлуулалтын асуудлаар ярилцлаа.

- Ургацын болц хэр байна вэ?

- Энэ жил Төв аймаг чийг хангалттай байна. Дулаан их дутагдаж байна. Төмсний хувьд наймдугаар сарын 1-нээс нааш хураах боломжгүй. Эрт ургацын төмс, ногооны хураалт эхлээд, борлуулалт ид явагдаж байна. Хотын хүнсний ногооны наймаачид 4-5 хоногийн өмнө /2013.08.19./ Орхоноос эрт ургацын төмс нэг кг-ыг нь 1000 төгрөгөөр авсан байсан.

Гэтэл өнөөдөр /2013.08.23/ эхний ханш 600 төгрөг болтлоо буурсан байх жишээтэй. Энэ нь Монголын төмсний үнэ ченжүүдийн эрхшээлд байгааг бүрэн харуулж байна. Эрт ургацын төмс оройн төмснөөс 50 хувийн бага ургацтай байдаг. Ер нь л жилийн жилд шинэ ургацын эхний ханш 1000 төгрөг орчмоор эхэлдэг. Тэгээд энэ үнэ 4-5 хоног явдаг.

Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хотын ногооны наймаачид бидний бүтэн жил хуруу хумсаа хуйхалж, хөлс хүчээ шавхаж ургуулсан ногооны үнийг шууд навс унагадаг. Уг нь бол бүтээгдэхүүний үнэ тал талын бодит өртгийг тооцож байж тогтох ёстой. Жишээ нь тарьж ургуулахад ямар хэмжээний зардал гарсан, дээр нь тээврийн зардал 30 хувь, дундын зуучлагчид 20 хувь гэдэг ч юм уу ингэж явсаар зах зээлийн үнэ гардаг.

Гэтэл наймаачид ашиг олохоо л урьтал болгож байна. Тэр дунд ногоог тарьж ургуулж байгаа ногоочид, эцсийн хэрэглэгчид хохирч байна. Нэг нь хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй, нөгөө нь дотоодын шинэ ургацын ногоогоо бодит үнээр хэрэглэж чадахгүй, лангууны наймаачдын хэлсэн үнээр нь авч хохирч байна.

-Төмс, хүнсний ногооны бодит өртгийн тооцоо ямар гардаг вэ?

-Монголын тариаланчдын холбооноос эрхлэн гаргадаг “Шинэ тариаланч” сэтгүүлээс намайг бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн талаар юм бичээд өгөөч гэсэн учраас би өөрийнхөө аж ахуйн бодит тооцоон дээр үндэслэж төмсний өөрийн өртгийг тооцож гаргасан байгаа. Энд би давхцуулж яриад яах вэ.

Газар тариалангийн үнэ цэнийн өсөлт

Үүнийг ченжүүд болон тэдний далбаан дор үнэ өсгөж үйлдвэрлэгчдийг хохироодог наймаачид бас сонирхон үзэж өөрсдийнх нь дамлан худалдаад байгаа төмс, ногооны бодит зардал нь хэд байдаг юм байна, хэчнээн хөдөлмөр шаардсан ажил вэ гэдгийг жаахан ч гэсэн ухаарч ойлгоосой гэж бодож байна. Улаанбаатар хотын хүнсний ногооны ченжүүд өвөл, хаврын ямар ч үед авсан бай төмсний нэг кг тутамд 100 төгрөг нэмдэг.

Ингэхээр ченж хэзээ ч алдагдалд ордоггүй. Ченжээс бүтээгдэхүүнийг бөөний үнээр авч байгаа лангууны худалдагч нар жинхэнэ үнээр тоглодог юм байна. Тэд багадаа 1.5-2 дахин өсгөдөг. Сүүлийн гурван жил дэлгүүрийн жижиглэнгийн үнэ 800 төгрөгөөс буусангүй. Гэтэл өнгөрсөн жил ногоочид нэг кг-ыг нь 200-250 төгрөгөөр л өглөө. Харин дэлгүүрийн лангуун дээр чанартай чанаргүй нь хамаагүй бүгд ижил 700-800 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.

Зарим захад 1000 төгрөгийн үнэтэй ч төмс байдаг. Худалдан авагчид ч энэ үнэд дасчихлаа. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд асар өндөр үнийн зөрөө бий. Ямар ч гэм зэмгүй тэд хохирч байна. ШӨХТГ үүнд яагаад хяналт тавьж болдоггүй вэ. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчид, гурилын үнэ дээр тэд хяналт тавьдаг хэрнээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны үнэд яагаад хяналт тавьж болохгүй гэж.

Энд жинхэнэ зах зээлийн шударга бус худалдаа явагдаад олон жил өнгөрлөө. Нөгөө талаас энэ нь төрийн зохицуулалт огт байхгүйн илэрхийлэл. Талх, махны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд, улсын нөөцөд авч байна. Зах зээлийн жамаар зохицуулагдах ёстой гэдэг. Тэгвэл шударга хөдөлмөрлөсөн үйлдвэрлэгчид яагаад хохирох ёстой юм.

Төмсний үнийг 500-600 төгрөгт барих боломжтой

-Таны бодлоор гарц юу байна вэ?

Би хөрөнгө мөнгө, барилга байшин шаардахгүй нэг л зохицуулалтын асуудлыг тавьж ирсэн. Улаанбаатар хотын бүх хүнсний дэлгүүрийн лангууг үйлдвэрлэгчдэд түрээслэгчээ гэдэг санал. Тэгэх юм бол төмсний үнийг 500-600 төгрөгт барих бүрэн боломжтой. Тэр лангууны түрээсийг нь хэл амгүй төлнө.

Дээр нь худалдагч авч ажлуулах. Энд чинь бас овоо хэдэн ажлын байр бий болчихно шүү дээ. Хоёр дахь санал ард түмэн чанартай чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг нэг үнээр авах ёсгүй юм. Үйлдвэрлэгчид байнга лангуун дээр бараагаа зарвал тэр аймгийн тэр сумын тэрний төмс гээд нэр нь гарна.

Ингэснээр үйлдвэрлэгчид ч юм ойлгож эхэлнэ, хэрэглэгчид ч чанартай бүтээгдэхүүний өргөн сонголттой болж хожно. Төр, засагт ч хяналт тавьж, хариуцлага ярьдаг болоход илүү хялбар болно. Өнөөдөр чанарын хяналтын тухай яриад ч хэрэггүй. Буцах эзэн, тооцох хариуцлага огт алга. Зах зээлийн үнэ тогтоох хуулиар зардал, чанараас хамаарч үнэ тогтох учиртай.

-Хүнсний захуудад ногоочдод лангуу гаргаж өгөх хэцүү байх л даа. Олон жил лангуу түрээсэлсэн хүмүүсийг нь төр шууд гаргах боломжгүй шүү дээ. Харин ногоочид жилийн жилд лангууны худалдагчдад дарлуулаад суух биш, өөрсдөө тэмцэх арга хэмжээ авч болдоггүй юм уу. Жишээ нь шинээр ашиглалтад орж байгаа Дүнжингарав мэтийн худалдааны төв дээр лангуу олноор нь аваад ч юм уу?

-Дүнжингаравт би чих тавиад асуугаад л байсан. Харин сүүлийн үед асуугаагүй. Хөдөө ногоо цагаатайгаа ноцолдож байдаг бид нар чинь хаана хэзээ ямар худалдааны төв ашиглалтад орж байгааг тэр бүр мэдэхгүй. Манайх хотод лангуун дээр зогсож үзсэн. Олон наймаачдын дунд ганц аж ахуйн нэгж байж болохгүй юм билээ.

Нэг кг төмсийг 600 төгрөгөөр зарахаар тус захын наймаачид, компани үнэ унагалаа гээд захынхаа захиргаанд гомдол тавиад хэцүү юм билээ. Манайх “Сандай” худалдааны төвд лангуу авч зогссон. Тэнд харин боломжийн байсан чинь дэлгүүрийн барилга нь өөр зохион байгуулалтад орохоор боллоо гээд гаргасан.

Үрийн мэргэшсэн аж ахуйн нэгж наймаачдын өмнө сөхөрч байна

-Энэ жилийн ургац хэр байна вэ. Өнгөрсөн жил бол ногоочдын хувьд борлуулалт хамгийн муу хийгдсэн жил гэж байсан.

-Энэ жил 96 га-д төмс тарьсан. Өнгөрсөн жил алдагдалтай ажилласан хэрнээ хүчин чадлаасаа өсгөж тарилаа.

-Яагаад?

-Нэгдүгээрт, манайх төмсөөр төрөлжсөн аж ахуйн нэгж. Хоёрдугаарт, Монгол төмс хөтөлбөрийн лицензтэй албан үржүүлэгчээр одоо хүртэл ажиллаж байгаа. Бидний зорилго Монголын байгаль цаг уурын нөхцөлд зохицсон нутагшсан дээд шатны үр гаргаж, бусдыг үрээр хангах. Манай төмс чанартай, хамгийн залуу үрийн төмс. Түүнийгээ өнгөрсөн жил борлуулж чадаагүй.

Тиймээс нэгдүгээр үеийн элит үрийн төмсөө яадаг ч байсан тарихаас аргагүй болсон. Ургац өгөх боломжтой үр ихээр тарилгүй үлдээлээ. 34 жил агрономи хийхдээ ийм цамаан загнасан түүх байхгүй. Үр илүүдэж хаяхыг амьдралдаа анх удаа өөр дээрээ харлаа.

-Төр бол эрүүл аюулгүй хүнсээр иргэдээ хангах зорилт тавиад ажиллаж байгаагийн хувьд ийм тохиолдолд яаралтай арга хэмжээ авах ёстой байх. Юу хийвэл зохилтой вэ?

2013 оноос аймаг бүрт нэг аж ахуйн нэгж шинээр байгуулсан.

Төр бол их гоё яриад байгаа .Эрүүл найдвартай хүнсээр иргэдээ хангах гээд. Тэгсэн хэрнээ залуу сайхан үр хог дээр хаягдаж байна. Гэтэл хамгийн харамсмаар юм нь үрийн мэргэшсэн аж ахуйн нэгжүүд наймаачдын өмнө сөхөрч байхад аймаг орон нутаг ч анхаарч байгаа юм алга.

Энэ бол үйлдвэрлэгчдийн хувьд том эмгэнэл юм. Миний бие Төв аймгийн ерөнхий агрономчоос эхлээд 30 гаруй жил энэ салбарт ажилласан болохоор манай ногоочид надад “Та л үүнийг хэлж ярьж өг” гэж хүсэлт гаргадаг, их өрөвдмөөр.

-2013 оны хаврын тариалалтын дүнг харахад төмс тарих талбай буурсан байсан. Энэ нь юутай холбоотой гэж Та бодож байна вэ. Борлуулалт муу байгаатай холбоотой юу?

- Нэг талаас Зах зээлээ мэдэрсэн хүмүүс тариалалтаа хумьсан байж болно.

Хоёрдугаарт, цөхөрсөн нэг хэсэг бий байх. Гуравдугаарт, мөнгө хөөж ашгийн төлөө явж байсан завсрын хүмүүс чадахгүйгээ мэдээд гарсан байх талтай. Их, бага талбайд тарьсан нь хамаагүй. Одоо хураалт эхлэхэд 40 хоногийн зай байна.

Энэ хугацаанд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл болохыг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд үйлдвэрлэл шууд унана. Энэ тохиолдолд төмсний хангамжийн асуудал баталгаагүй болох аюул хаяанд бий.

-Танайх "Миний дэлгүүр"- ийн сүлжээгээр нэлээд эртнээс борлуулалт хийж эхэлсэн. Үр дүнтэй байна уу?

-2005-2010 оныг хүртэл тус дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан. Сүүлийн жилүүдэд нийлүүлээгүй ээ. Зах зээлийн бусад түншүүддээ “мундаг” ялагдсан гэх үү дээ. Миний бие бараагаа нийлүүлж хамтарч ажиллаж байгаагийн хувьд тухайн дэлгүүрийн менежер ч гэдэг юм уу холбогдох хувь хүмүүст нь борлуулалтын ашгаасаа тусад нь хувь хишиг өгч ажиллах байсан юм билээ.

Би бодохдоо тэртээ тэргүй дэлгүүр нь борлуулалтын ашгаас тодорхой хэмжээгээр авч байгаа учраас хэн хэндээ ашигтай болж л байгаа юм байх гэж бодож явсан. Гэтэл тиймгүй юм билээ. Энэ миний алдаа л даа. Бусад шиг борлуулалтын орчин үеийн овжин аргад суралцаагүй гэсэн үг /инээв/.

 -Төмсний үйлдвэрлэлд борлуулалтаас гадна тулгамдсан асуудал юу байна вэ?

-Төмсний үйлдвэрлэл хэд хэдэн хүнд нөхцөлд явагдаж байгаа. Нэгдүгээрт, байгаль цаг уурын бүрэн эрхшээлд байна. Тариаланчид бол даатгалд хамрагдахыг хүсдэг ч наашаа хардаг компани нэг ч байхгүй. Дараагийн бэрхшээл бол үйлдвэрлэлээ төлөвлөх боломж байдаггүй.

Ногоочид хэдэн га-д тариалалт хийж, хэдэн центнер ургац авахаа мэднэ. Харин бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулж, хэдий хэмжээний ашиг олохыг хэлж мэдэхгүй. Эцсийн хүндрэлтэй зүйл нь үйлдвэрлэл эрхэлсэн хэрнээ эдийн засгийн ашиггүй ажилладаг.

-Танайх шиг төмсний төрөлжсөн аж ахуйн нэгж хэр олон бэ. Төмсний үрийн чанар бүрэн шинэчлэгдэж чадсан уу?

-2004-2010 он хүртэл дөрвөн аж ахуйн нэгж байсан. 2013 оноос аймаг бүрт нэг аж ахуйн нэгж шинээр байгуулсан. Сэлэнгэд гурав, Төв аймагт дөрөв бий. “Монгол төмс” хөтөлбөрийн Албан үржүүлэгчээр ажиллаж ирлээ. Монголын- бүх төмс цэвэр сорт болж чадаагүй байна. Хятад үрийн төмстэй холилдсон нь ч бий.

Нутагшсан сорт гэвэл Германы гала, витара, Голландын импала, Санти гэх байна. Ирээдүйтэй сайн сортууд олон байгаа. 2008 онд “Атрын 3” аян эхлүүлсэн нь Монголын газар тариаланд маш том эргэлт болсон. Гэхдээ тус аянд төмс, хүнсний ногоог хамруулж чадаагүй. Ямааны ноолуур, хонины ноос, арьс ширэнд мөнгө өгдөг хэрнээ төмс, хүнсний ногоонд нэг ч төгрөг тавьж үзээгүй.

Тэгсэн хэрнээ үйлдвэрлэл нь өсөөд, үйлдвэрлэгчид нь улам уналтад ороод байгааг харж байгаа байх. Товчхондоо энд төрийн бодлого л үгүйлэгдэж байна. Ногоочид өнгөрсөн хугацаанд хөл дээрээ тогтчих гээд зүтгээд хэр чадлаараа юм хийгээд байгаа хэрнээ Борлуулалтын бодлого байхгүй байгаа учраас аж ахуйн нэгж эдийн засгийн чадавхтай болж чадахгүй байна.  Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, эрчимжүүлэх ямар ч боломж бүрдэхгүй болсон.

-Таны хувьд төр, засагт хандаж хэлэх хүсэлт байна уу?

-Ганцхан хүсэлт байна. Зах зээл дээр үнийн тогтворжуулалт бий болгож, боломжит үнийг тогтоож өгөөчээ. Бидэнд баталгаажсан дундаж үнэ хэрэгтэй байна.