Ц.Хэрлэнчимэг: Сэлэнгээс нэг тонн ургац 100 мянган төгрөгөөр ачдаг
Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын тариаланч Ц.Хэрлэнчимэг
2013.09.24

Ц.Хэрлэнчимэг: Сэлэнгээс нэг тонн ургац 100 мянган төгрөгөөр ачдаг

Дүнжингарав худалдааны төвд болж байгаа “Намрын ногоон өдрүүд 2013” үзэсгэлэнгийн үеэр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын тариаланч Ц.Хэрлэнчимэгтэй ярилцав.

- Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд хичнээн төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Энэ жил ургац хэр байв?

Энэ жил ургац их сайн байгаа. Эхний нэг  хэсэг хуурайшилттай байсан ч сүүлийн үед хур бороотой сайхан байлаа. Ургац хураалт үргэлжилж байгаа одоо 10 хоногийн дотор хурааж авна гэсэн бодолтой байгаа. Миний хувьд өргөст хэмх, тарвас хангалттай сайн хурааж авч чадсангүй ээ. Учир нь эдгээр нь хүлэмжийн дулаан орчин шаарддаг юм.

- Нарийн ногоо өргөст хэмх, тариалахад хүндрэлтэй зүйл юу байна?

Цаг агарын хүндрэл л их байна. Органик Монгол төслийн хүрээнд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд 4-5 жил оролцож байна. Органик Монгол төсөлт хамрагдаад сард нэг хувийн хүүтэй зээл авдаг. Банкны хүү өндөр учир төсөлд хамрагдсанаар их тус болж байгаа.

Хүндрэлтэй зүйл гэвэл Сэлэнгийн Зүүн бүрэн сумаас нэг тонн ургацыг 100 мянган төгрөгөөр ачиж ирдэг. Энэ жил олон газар үзэсгэлэн гарсан болохоор хүмүүс цөөрсөн байна. Үнийн хувьд бол хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа. Ургацаа хураагаад зээлээ төлөөд амьдрах боломжтой.  

- Хичнээн нэр төрлийн ургамал тариалж байна. Үүнээс монголд ургах боломжтой нэр төрөл нь хэд байна?

Өнгөрсөн жилийн хувьд төмс маш бага борлогдсон энэ жил мөн адил байна. Хүнсний ногооны хувьд төмсийг их л хүч гаргаж тарьж хураадаг. Гэтэл төмсний үнэ нилээн унаж, бусад ногооны хувьд тогтвортой байна.

Тариалангийнхаа нэг га-гын 10 сотод нь жижс жимсгэнэ, 40 сотод нь төмс, 40 сотод нь тарвас, үлдсэн 10 хувьд нь мод, нарийн ногоо тариалсан. Нарийн ногоо тариалах боломж хангалттай хэдий ч амархан мууддаг салад байцаа зэрэг нь тээвэрлэгдэх боломжгүй учир ахуйн хэрэглээнд л хэрэглэдэг. Зарахаар тарьж чаддаггүй.

- Газар тариалангийн салбарт ажилладаг хүний хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна?

Асуудал их байгаа. Тариаланчид хавраас хойш л хөдөлмөрлөж ногоогоо тарьдаг. Тэгээд намар нь бүгдийг цувруулан Улаанбаатар хот руу зөөдөг. Ингэж оруулж ирэхэд тээврийн зардал хүндрэлтэй байдаг учир нэгдсэн журмаар хэмжээгээр нь үнэлээд л төрөөс худалдан авдаг бол бид нарт дэмжлэг болно. Хөдөөнөөс өвөл ногоо оруулж ирэхээр замдаа хөлдөх аюултай.

Гэтэл Улаанбаатарчууд Хятад ногоо иддэг. Хүн ардынхаа эрүүл мэнд, тариаланчдын ажлыг үнэлж төрөөс зохицуулалт хийж өгөхийг хүсч байна. Хадгалах нэгдсэн зоорь хэрэгтэй байна. Мөн хүн хүчний асуудал тулгамдаж байна. Ажилчин хөлслөхөд 15- 20 мянган төгрөгөөр ажиллуулдаг.

Гэтэл хураасан ургац борлуулалт байхгүй шалтгаанаар олон сараар борлогдохгүй мөнгөний гацаа үүсэх тохиолдол бий. Удаан хадгалах Намрыг хүлээвэл тамс хүнсний ногоо муудах хаях, нохой шувууны хоол болох магадлалтай байдаг.