Ерөнхий сайд Н.Алтанхуягт БНХАУ-ын Соёлын сайд бараалхлаа
БНХАУ-ын Соёлын сайд Цай У, Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.
2013.09.25

Ерөнхий сайд Н.Алтанхуягт БНХАУ-ын Соёлын сайд бараалхлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд Цай У манай улсад айлчилж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.

Манай хоёр улсын харилцаа энэ салбарт сайн хөгжиж байгаа. Энэ хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх, харилцан туршлага судлахад манай хоёр яам хамтарч ажиллана гэж ноён Цай У хэлээд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй хийсэн хэлэлцээ амжилттай болсон талаар Ерөнхий сайдад ярилаа.

БНХАУ-тай сайн хөршийн, найрсаг харилцаа, эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай орны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт хөгжиж, стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрээд байгаад талархалтай байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт анхаарч яам байгуулсан. Соёл, урлагийн асуудал яамны түвшинд хүрсэн гэдгийг тэрбээр дурдаж байлаа. Ирэх жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо.

Монголын урлагийн гайхамшгийг таниулах тоглолтыг эх орондоо зохион байгуулж сурталчлах хүсэлтэй байна гэв.

Энэ хүрээнд хамтарч ажиллаж, хоёр орны ард иргэдийг оролцуулсан арга хэмжээнүүд зохион байгуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд зөвлөөд энэ салбарт манай хоёр орон бие биенээсээ суралцах, харилцан туршлага судлах зүйл их байгаа гэдгийг хэллээ.

Ноён Соёлын сайд энэ уулзалтын үеэр сонгодог болоод монгол ардын урлагийн гайхамшгийг харуулсан тоглолт өчигдөр сонирхлоо. Танай улсын урлагийн түвшин өндөр байна. Монголын урлагийн гайхамшгийг таниулах ийм тоглолтыг эх орондоо зохион байгуулж сурталчлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хятадын Соёлын сайд манай улсад хийж байгаа энэ айлчлалынхаа үеэр ССАЖЯ-нд тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх батламж бүхий 300 мянган юанийн эрхийн бичгийг гардуулжээ.