АНУ-тай ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурав
Гадаад харилцааны сайд Л.Болд, АНУ-ын Засаг захиргааны худалдаа эрхэлсэн гишүүн М.Фроман нар ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
2013.09.25

АНУ-тай ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, АНУ-ын Засаг захиргааны худалдаа эрхэлсэн гишүүн М.Фроман нар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын Хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-нд Нью Йорк хотноо гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээр нь манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөхиүлэн дэмжихэд чухал алхам болж байгааг талууд тэмдэглэв.

Хэлэлцээр байгуулснаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлэхийн зэрэгцээ АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх үндсийг тавьж буй юм.

АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх үндсийг тавьж байна.

Гарын үсэг зурах ёслолын дараа Сайд Л.Болд АНУ-ын Худалдааны төлөөлөгч М.Фроман, Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд сайд Даниел Рассэл нартай хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хэлэлцээрт тулгуурлан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Хэлэлцээрт гарын үсэг зурахад Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ны Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү нар байлцав.