БНВУ-тай дипломат харилцаа тогтоов
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд найрамдах Вануату улстай энэ сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ- ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцжээ.
Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд найрамдах Вануату улсын Гадаад хэргийн сайд Эдвард Нипаке Натапей нар гарын үсэг зурсан байна.
Ийнхүү Бүгд Найрамдах Вануату Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.