Ц.Элбэгдорж: Өөрийн гэсэн үнэлэмж, үнэт зүйлтэй байя
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын сэтгүүлзүйн салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” сангийн ёслолын арга хэмжээнд өнөөдөр оролцлоо. “Балдорж” шагналын энэ жилийн эзнээр тодорсон “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсныхаа дараа хэлсэн үгэндээ “Намрын энэ үеэр би хоёр хариуцлагатай арга хэмжээнд оролцдог. Нэг нь “Балдорж” сангийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, нөгөө нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган юм.
Манай нэгэн шинэ сэтгүүлч энэ хүндтэй шагналыг авч байгаад би хувьдаа туйлын баяртай байна. Өнгөрсөн 90-ээд оны үед гарч ирсэн сэтгүүлчдийн халааг шинэ үеийн сэтгүүлчид авч байна. Итгэл даах, чадалтай, чадвартай шинэ залуучууд гарч иржээ. Цахиур хагалан гарч ирж буй шинэ үеийн сэтгүүлчдийн маань төлөөлөл болсон энэ залуудаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Дэлхийд төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр ихэд хүчирхэгжиж, хүч болон гарч иржээ. Өнөөгийн нийгэм, улс төр, олон улсын харилцаа хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргадаг, хэвлэл мэдээлэл бүхнийг тодорхойлдог болоод байна. Үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн цаана асар том хариуцлагын асуудал яригддаг. Олон улсын чуулганд оролцож байхад “их гүрэн байна гэдэг их хариуцлага” хэмээн нэгэн улстөрч ярьж байсан санаанд орлоо. Тэгэхээр хэвлэл мэдээлэл гэх энэ том хүчний ард том хариуцлага байгаа. Нийгмийн сэтгэлзүй, хүмүүсийн оюун санааг залж авч явж байгаа сэтгүүлзүйн салбарын цаана маш том үүрэг хариуцлага байгааг бид мартаж бологүй. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдаж авч явж байгаа хүн өөрийн гэсэн үнэлэмж, үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл ямар нэг нам, дарга сайд нар, хөрөнгө мөнгөнөөс хамаарах ёсгүй. Хамгийн гол нь тухай сэтгүүлч өөрөө үнэлэмжтэй байх ёстой.
Ц.Балдорж гэдэг хүн тухайн үедээ тэр үнэлэмжээрээ л бусдаас ялгардаг байсан. Тэрээр өөрийн үнэлэмжээ үнэт зүйл болгоод сонин хэвлэлээ үүсгэн байгуулсан шүү дээ. Энэ бол манай хэвлэл мэдээллийн салбарт хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа зүйл юм.
Ц.Балдорж гэдэг хүн тухайн үедээ тэр үнэлэмжээрээ л бусдаас ялгардаг байсан. Тэрээр өөрийн үнэлэмжээ үнэт зүйл болгоод сонин хэвлэлээ үүсгэн байгуулсан шүү дээ. Энэ бол манай хэвлэл мэдээллийн салбарт хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа зүйл юм. Өнөөгийн нийгэмд нэгэн үнэлэмж муудсан учраас ард иргэд олонхийн санааг дагасан байдал ажиглагдаж байна. Бид асуудлыг өөрөөр харах учиртай. Төртэй холбоотой ийм хандлага байгаа нь бүхнийг төр мэднэ, бүгдийг төр эзэмшинэ гэсэн ойлголт байна. Тэгэхээр төр, төрийн өмч, төрийн оролцоо, сайд дарга нарыг шүтдэг энэ хандлагыг зогсоох хэрэгтэй. Энэ тал дээр хэвлэл мэдээллийн салбар хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ хандлагыг зогсоож бүхнийг хууль журамд захирагддаг байх горимд оруулах гэж бид оролдсоор байна. Энэ тал дээр манай хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид дэмжлэг үзүүлж идэвхитэй хамтран ажиллах нь зүйтэй. Өнөөдөр эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлээс гарах гарц бол бүтээн байгуулах, үйлдвэрлэх юм. Тиймээс их бага хүүтэй мөнгө босголоо гэж баярлахын оронд бид бүтээлч, хариуцлагатай, үйлдвэрлэгчид болохын төлөө тэмцэх хэрэгтэй. Улс орноо энэ чиглэлд урагшуулахын төлөө хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн салбар нийлээд хамтран ажиллахыг би уриалах гэсэн юм. Өөр нэг асуудал бол юм хийж бүтээж яваа нэгнээ шүүмжилж, дайран довтлох явдал. Бид бүгд эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг. Гэхдээ хуульгүй эрх чөлөө, ардчилал бол аль 90-ээд онд бидний ярьдаг байсан анархизм шүү дээ.
Монголчууд “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэж ярьдаг. Бид өөрсдөө асуудлыг ярилцаж хэлэлцэж байж шийддэг нийгэмд байна.
Тэгэхээр өнөөгийн нийгэм ямар нэгэн хүчирхийлэл, тэсэрч дэлбэрэх бодистой огт зохицохгүй. Иргэний нийгэмд иргэн үгээ илэрхийлэх эрхтэй. Иргэний нийгмийн үйл ажиллагаа хамгийн иргэнлэг байх ёстой. Харин хүчирхийлэл Монголын зочломтгой зан чанар, Монгол ахуйтай зохицохгүй. Хүчирхийллийн эсрэг хүн төрөлхтөн нэгдсэн, бид ч нэгдэх учиртай. Ардчилал бол хуулиар зохицуулагдаж, тодорхойлогдсон эрх чөлөө. Тэгэхээр бид хуулийн дагуу л амьдрах ёстой. Бид энэ хандлагыг өөхшүүлж болохгүй. Хэрэв бид энэ хандлагыг цаашид өөхшүүлбэл Монголын олон зуун жилийн түүхэн замнал, уламжлал, ёс заншилд аюул учирна. Тэгэхээр энэ мэт зүйл дээр хэвлэл мэдээллийнхэн өөрийн гэсэн байр суурь, үнэлэмжтэй, үнэт зүйлтэй байх ёстой.
Энэ тал дээр бид ямар ч ардчилсан, эрх чөлөөт улс орноос дутахгүй. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, үнэлэмж ямар ч улсын Ерөнхийлөгчийнхөөс дутахгүй. Би ардчилал, эрх чөлөөний хувьд өөрийн гэсэн үнэлэмжтэй, үүнийхээ төлөө амьдралаа зориулж яваа гэж боддог. Би бас та бүхнийг ийм байгаасай гэж хүсч байна. “Балдорж” шагнал ч гэсэн цаашид энэ шалгуураар явагдах болов уу гэж найдаж байна. Энэ залууг ч гэсэн үнэлэмж талаас нь харж шалгаруулсан болов уу. Үнэхээр сайхан үг хэллээ саяхан “Дэлхийгээр тарсан монголчууд олуулаа цуглаад сайхан баярлаж үзэх юм сан. Бүгдээрээ амгалан сайхан амьдарч, нэг зорилгын төлөө ажиллах юм сан” гэж. Энэ залуу бол өөрийн гэсэн үнэлэмжтэй болжээ. Хэвлэл мэдээллийн салбарт ийм сайхан залуу үе гарч ирж байгаад баярлаж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.