Ерөнхийлөгчид Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Аксел Ван Троценбург бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Аксел Ван Троценбургийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Аксел Ван Троценбург Ц.Элбэгдоржид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.
Уулзалтын үеэр Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Монголын урт хугацааны хөгжлийг дэмжихэд Дэлхийн банкнаас хэрхэн дэмжих талаар болон сүүлийн үед буураад байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар ярилцлаа.
Өнгөрөгч 2012 оны эцсийн байдлаар Дэлхийн банкнаас Монгол Улсад нийт 600-гаад сая ам.долларын зээл, тусламж үзүүлснээс 67 сая ам.доллар нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдсон.
Үүнээс гадна Дэлхийн банкаар дамжуулан олгодог бусад улс орны итгэлцлийн сангаас 100 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгожээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах нь Монгол төрийн бодлогын нэг гол чухал хэсэг болж байгаа. Энэ бодлогыг Дэлхийн банкнаас тууштай дэмжиж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн 2012 оны есдүгээр сард Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэдэд зориулсан сургалт явуулж, шууд ардчилал, иргэдийн оролцооны анхны багш нарыг бэлтгэх арга хэмжээнд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар идэвхитэй дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн банкнаас голлон гардан авч байгаа Тогтвортой амжиргааны төслийн 3 дахь шат эхэлж байгаа. Энэ төслийн хүрээнд идэвхитэй хамтран ажиллана” гэв.