Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Лондон Ситигийн Амбан захирагч Рожэр Жиффорд
2013.09.19

Ерөнхийлөгчид Лондон Ситигийн Амбан захирагч Рожэр Жиффорд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Лондон Сити /Лондон хот дахь санхүүгийн салбарын төвлөрөл бүхий дүүрэг/-гийн Амбан захирагч Лорд Мэр Рожэр Жиффордыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Рожэр Жиффорд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Биднийг хүлээн авч уулзахыг зөвшөөрсөнд гүнээ талархаж байна. Бид банк, санхүү, хууль болон бизнесийн төлөөллийн хамт хүрэлцэн ирээд байна. Лондон бол дэлхийн банк санхүү, биржийн зах зээлийн зангилаа хот юм. Банк санхүү, үнэт цаасны бирж болон бусад олон чиглэлээр бид туршлага солилцох, зөвлөгөө өгөхөөр ирээд байна” гэв.

Ерөнхийлөгчид Лондон Ситигийн Амбан захирагч Рожэр Жиффорд бараалхав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс санхүүгийн зах зээлийн хувьд төдийлөн хөгжөөгүй учраас энэ бүгдийг зөв замаар явуулах тал дээр та бүхний зөвлөгөө, тусламж дэмжлэг хэрэгтэй. Монгол шиг зах зээлийн системд шилжсэн орнуудад та бүхэн ажиллаж, зөвлөгөө өгч арвин туршлага хуримтлуулсан гэж найдаж байна. Бид хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байхын зэрэгцээ олон улсын хэмжээнд нээлттэй бодлого явуулахыг эрмэлздэг” гэв.

Уулзалтын үеэр мөн Английн хууль эрхзүйн салбарын туршлага, ялангуяа олон улсад жишиг болгон мөрдөгддөг Английн гэрээ, хэлэлцээр хийх арга технологийг Монголд нэвтрүүлэх талаар ярилцав. Мөн санхүүгийн тайлан бүртгэл үүнтэй холбоотой хууль эрхзүйг сайжруулах талаар санал солилцлоо.