2013.09.19

Х.Амгаланбаатар: 27 жил ажилласан эмч сард 400 гаруй мянган төгрөг авч байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-оос өчигдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хангамж, эмч ажилчдын цалин хөлс болон хөдөлмөрийн нөхцөлтэй танилцаж эхэлжээ.

Сургууль төгсөөд удаагүй байгаа залуу эмч сард 430 орчим мянган төгрөгийн цалин авна.

Эмнэлэгт тулгамдаж буй нийтлэг зүйл нь цалингийн асуудал байжээ. Тухайлбал, сургууль төгсөөд удаагүй байгаа залуу эмч сард 430 орчим мянган төгрөгийн цалин авна. Тэгвэл улсад 27 жил ажилласан хүн 529 мянган төгрөгийн цалин авч, үүнээсээ татвар бусад шимтгэлээ хасаад гар дээрээ 400 гаруй мянган төгрөгийг сардаа авдаг байна.

Түүнчлэн Уламжлал анагаах ухааны сувилал буюу Улаанбаатар сувилал нь өдгөө 1936 оны барилгад үйл ажиллагаа явуулдаг. Уг барилгын хана туурга нь мөөгөнцөрджээ. Зөвхөн хоёр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад энэ мэтчилэн олон хүндрэл бэрхшээл байгааг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярьж байв. Тэрбээр “Бид 3 хоногийн хугацаанд 10 гаруй эмнэлгээр явна. Ингээд энэ талаараа Эрүүл мэндийн сайдад мэдэгдэнэ. Мөн улсын 3 талт хэлэлцээрээр шийдвэрлэх асуудал юу байна энэ талаар зохих байгууллагуудтай нь ярилцах болно” гэлээ.