Цалин тэтгэмж нэмэхийг шаардаж тайван жагсаал хийлээ
2013.09.16

Х.Амгаланбаатар: Цалин, тэтгэврийг 40 хувиар нэмэх боломжтой

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж өнгөрсөн баасан гаригт тайван жагсаал хийлээ.

Тусгаар тогтнолын буюу хуучнаар Ялалтын талбайд болсон жагсаалд МҮЭХ-ны ерөнхийлөгч, Үйлдвэрчний эвлэлийн салбар хороодын тэргүүлэгч, гишүүн дэмжигчид оролцсон юм. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас цөөн зүйлийг тодруулсан юм.

- Цалин тэтгэврийг хэчнээн хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бэ?

-Хөдөлмөрийн хөлсийг хэдэн хувиар нэмэгдүүлэхийг хэлэлцээрийн шатанд шийднэ. Урьдчилсан байдлаар МҮЭХ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байгаа.

Бидний УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаа шаардлага зөвхөн ҮЭ-ийн гишүүдийн асуудал биш, Монголын 2,8 сая хүнд хамаатай. Иймээс энэ удаагийн тайван жагсаалыг ард түмэн нийтээрээ дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Тайван жагсаал зөвхөн Улаанбаатарт бус бусад аймагт зэрэг болж байгаагаараа онцлог юм.

-Хариуг нь хэзээ авах вэ. Та бүхний тавьсан шаардлагыг хүлээж аваа- гүй тохиолдолд яах бэ?

МҮЭХ-ноос тайван жагсаал хийлээ

-МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, Улсын Их Хуралд хандан шаардлагыг хүргүүлж, энэ сарын 20-ны дотор хариу ирүүлэхийг хүссэн байгаа. Бидний тавьж байгаа шаардлагыг УИХ, Засгийн газар хэрхэн шийдэхээс тэмцлийн дараагийн үйл ажиллагаа шалтгаална.

-Ямар шаардлага тавьж байгаагаа товч хэлэхгүй юү?

-2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, үнэ ханшийн зохиомол өсөлтийг хязгаарлах, хүнс, өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, арилжааны банкны гэрээний нөхцөлийг уян хатан болгох, орон сууцны талбайн үнэд төрөөс хяналт тавьдаг байх шаардлага тавьж байгаа.

Мөн үндэсний үйлдвэрлэгчдээ хөрөнгө оруулалтаар дэмжих, уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс гадна нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэж байх, Оюу-толгой төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулахыг шаардаж байгаа гэв.