Цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдэл гаргах цаг нь болсон
ТВ-9 телевизийн “Энэ өдрийн зочин”-оор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.
-Сүүлийн үед МҮЭХ ямар ажил хийж байна вэ?
-МҮЭХ-ны их хурал хуралдсанаас хойшхи гурван сарын хугацаанд их хурлынхаа баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, их хурлаар ҮЭ-ийн гишүүд, их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналуудад анализ хийж байна.
Анализ, дүгнэлтдээ тулгуурлаж ҮЭ-ийн хөдөлгөөнийг цаашид яаж бэхжүүлэх, эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ эрх ашгийг хэрхэн үр дүнтэй хамгаалах чиглэлээ гаргалаа. Орон нутгийн ҮЭ-ийн холбоодынхоо идэвхтэн сонгуультнуудтай уулзах ажил найман сарын дунд үеэс эхэлсэн, он дуустал явагдана.
Өнгөрсөн долоо хоногт зүүн бүсийн аймгуудын ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Мөн Орхон аймагт хойд бүсийн аймгуудын ҮЭ-ийн холбоод, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны 300 орчим идэвхтэн сонгуультан цугларсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
-Цалин хөлсний асуудлаар танай байгууллага ямар нэгэн үр дүнтэй ажил хийх үү?
-МҮЭХ-ны бүх шатны байгууллагын үйл ажиллагаа бол гишүүдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, тэдний санал бодлоо илэрхийлсэн тулгамдсан асуудал дээр үйл ажиллагаа зохион байгуулахыг чухалчилдаг. Бид сүүлийн сар гаруй хугацаанд нийслэл болон ойрын хэдэн аймгуудын худалдааны төвүүдэд үнийн судалгаа хийсэн.
Манай холбоо ард иргэдийнхээ өмнө тулгамдсан гол гол асуудлуудаар УИХ, Засгийн газраас тодорхой хүлээлттэй байгаа.
Энэ судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сарын хугацаанд тодорхой хэмжээгээр хөдөлж байна. Мөн оюутнуудын сургалтын төлбөр өндөр хэмжээгээр өссөн нь ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа. Он гарснаас хойш цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй.
Хүмүүсийн бодит орлого нэмэгдээгүй байхад бараа бүтээгдэхүүний нэмэгдэх нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн бодит худалдан авах чадварыг доош нь татаж байна. Иймд МҮЭХ, Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой оны өмнө байгуулсан хэлэлцээрийнхээ тодорхой заалтын дагуу хэлэлцээрийг эхлэх байр сууриа илэрхийлж эхэлж байна.
-Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин 900 мянган төгрөгт хүрлээ гэсэн. Энэ тоо бодитой байж чадах уу?
-Бид 10 гаруй аймгаар явж, цалин хөлсний дундажтай танилцахад 598 мянга байна. Энэ мэдээллийг тодруулах бодолтой байна. Судалсны дараа байр сууриа илэрхийлнэ.
-Ирэх даваа гаригт ээлжит бус чуулган хуралдана. Энэ чуулганаас МҮЭХ ямар үр дүн хүлээж байна вэ?
-Чуулганаас МҮЭХ хэд хэдэн чухал арга хэмжээг хүлээж байна. Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын гэрээг бодит боловсронгуй болгох асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээгээр эдийн засгийн үр ашгийн асуудал яриад байдаг. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх асуудлыг огт ярьдаггүй.
Мөн нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарах тодорхой шийдлүүдийг гаргаж, Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгнө гэж бодож байна. Цалин тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулах чиглэлээр шийдэл гаргах цаг нь болсон.
Үүн дээр УИХ төсвийн тодотгол болон ирэх оны төсвөөр дамжуулж цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах байх. Манай холбоо ард иргэдийн өмнө тулгамдсан гол гол асуудлуудаар УИХ, Засгийн газраас тодорхой хүлээлттэй байгаа.