Д.Ганхуяг: Япончуудын гол сонирхож байгаа зүйлд Тавантолгой зүй ёсоор багтаж байгаа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.17

Д.Ганхуяг: Япончуудын гол сонирхож байгаа зүйлд Тавантолгой зүй ёсоор багтаж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. Түүнийг албаны олон хүн дагалдан явсан бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуягаас Ерөнхий сайдын айлчлалын үр дүн, Токио хотын хөгжил болон бусад зүйлийн талаар тэдний байр суурийг нь сонссон юм.

-Японы хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсыг маш их сонирхож байх шиг. Ялангуяа ашигт малтмалын салбарт нэлээд анхаарлаа хандуулж байна. Ер нь уулзалт хэлэлцээрийн үеэр Японы томоохон хөрөнгө оруулагчид ямар салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байна вэ?

-Би төр, олон түмнийхээ буянд олон төрийн айлчлалд оролцож байсан. Өнгөрөгч жилүүдэд, тодруулбал зургаан жил Япон, Монголын парламентын даргын ажлыг хийсэн. Энэ хугацаанд бие биенийгээ нөхсөн хамтын ажиллагаа гэхээсээ илүү зээл тусламж их байлаа. Япон улс нь Монгол улсын нийгмийн дэд бүтэц рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд 20 гаруй жил донор орон нь байсан. Харин энэ удаагийн айлчлалаас эхлээд харилцан ашигтай бие биенийгээ нөхсөн хамтын ажиллагаа эхэлж, Японы үндэстэн дамжсан том корпорациуд идэвхтэй ажиллах хандлага ажиглагдаж байна.

Япон улсын тухайд олборлох салбар гэхээсээ илүү боловсруулах салбарт, тухайлбал эрдэс баялгаа сайн технологиор хийж хүний хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн хийдэг онцлогтой орон. Тийм учраас Япон улстай боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой юм.

Тэдний гол сонирхож байгаа зүйлд Тавантолгой зүй ёсоор багтаж байгаа. Бид ч Японы талд бүх орны хөрөнгө оруулагчдад тавьдаг нөхцөлүүдээ илэрхийлсэн. Тодруулбал “Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хий. Үүнийгээ бэлэн мөнгөөр авч болно. Аль эсвэл нүүрсээр авч болно. Мөн дэлхийн зах зээлд IРО хийх үед судалж авч болно” гэх мэт нөхцөлүүдийг тавьж байгаа.

Япон улс нь гангийн үйлдвэрлэлийн технологиороо дэлхийд нэгдүгээрт ордог. Ийм учраас зөвхөн Монголын зах зээлд зориулсан биш, өөр орны зах зээлд зориулсан гангийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн зэс хайлуулах, хагас боловсруулах бүтээгдэхүүн буюу коксжсон бүтээгдэхүүний салбарт хамтрах боломжтой байгаа.

Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн орон Монголоос өөр байхгүй.

Манай улс Япон улстай гурав, дөрөв ч жилийн өмнөөс ярьж ирсэн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж байдаг. Ер нь Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн орон Монголоос өөр байхгүй. Хэлэлцээр хийснээр хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тусгайлсан харилцаа үүсэх юм.

Мөн Японоор дамжин АНУ, Европ улсууд руу манай улсын боловсруулсан бүтээгдэхүүн гарах боломж нээгдэнэ. Энэ чиглэлээр ирэх онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна. Ерөнхийдөө аливаа том ажлыг санхүүжилт маш чухал байдаг. Энэ ч утгаараа Японд төдийгүй дэлхийд нэгт ордог том хөрөнгө оруулагч компани Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа нь маш чухал.

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаар хуулийн төсөл боловсруулж, батлах гэж байгаа. Японы зүгээс хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой гомдол гаргадаг байсан уу?

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт зохицуулах тухай хуульд гардаг байсан. Тодруулбал ХААН банк, “Мобиком” хоёр дээр асуудал гарч байсан. Тухайн үед хууль буцаж өөрчлөхгүй гэдэг тайлбарыг улстөрчид өгч байсан.

Уг хуульд төрийн хөрөнгө оруулалттай бол зохицуулалттай байя гэж байгаад, хувийн хэвшил рүү орсон нь жаахан алдаа болсон. Гэхдээ үүнийг өөрчилж, тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаараад тогтвортой байх, эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төслийг удаан бэлдсэн.

Сайн ч хууль болсон болов уу гэж бодож байгаа. УИХ-ын чуулганаар таван хуулийн төсөл батална. Үүнээс гурав нь уул уурхайн салбарт зориулсан хууль байгаа. Энэ хуулиуд батлагдсанаар Монголын бизнес, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвар, эрх зүйн орчин бүрэн хангагдана.