Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлаар чууллаа
Дэлхийн эдийн засгийн чуулган болж байна
2013.09.16

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлаар чууллаа

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ, дугуй ширээний уулзалтын хүрээнд “Хариуцлагатай уул уурхай хөгжлийн санаачлага”, “Усны нөөц” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Өчигдөр болсон “Авилгын эсрэг Монголын түншлэл” салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Авлигын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас энэ үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд бүгдээрээ маш их эрчимтэй оролцох ёстой.

Ер нь авлигын хор уршгийн тухай ойлголт монголчуудад нэлээн сайн хүрсэн гэж болно. Тиймээс энэ тухай дахин ярих шаардлагагүй. Манай нийт иргэдийн хүсэл зориг, оролцоо, мөн олон байгууллагын хамтын ажиллагааны хүчээр Монгол Улс авлигын индексээрээ өнгөрсөн оны эцэс гэхэд 26 байраар ахисныг та бүхэн мэднэ.

120 дугаар байраас 94 болтлоо буурсан. Арав гаруй хуулийг шинэчилж өөрчлөлт хийнэ гэж тооцож байсан бол одоо 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа” хэмээн онцолсон.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал байр суурийг эзэлж буй бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь, экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байгааг “Хариуцлагатай уул уурхай хөгжлийн санаачилга” сэдэвт салбар хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм.

Нүүрсний импортын нээлт

Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн загварын саналын талаар гурван хувилбар танилцууллаа. Эдгээр хувилбаруудыг судалгаанд үндэслэн сайн зөвлөмж болсон гэж үзэж, талархан хүлээн авч байна. Өнөөдөр Засгийн газар, яам уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тодруулбал газрын тос боловсруулах, нүүрсийг шингэрүүлж бензин үйлдвэрлэх, занараас шатахуун гаргах үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх тухай хуулиудыг батлуулсан.

2016 онд, дунд хугацаанд экспортын орлогыг дахин нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн дунд , урт хугацааны "хөгжлийн стратеги" боловсруулах шаардлагатай” хэмээн хэлсэн юм.