Ж.Батсуурь: Эдийн засгийн хүчийг сулруулж байгаа Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.09.16

Ж.Батсуурь: Эдийн засгийн хүчийг сулруулж байгаа Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр  нээлтээ хийнэ. Ээлжит бус чуулганаар сөрөг хүчин ямар асуудал оруулах бол?

-Манай намын бүлэг ээлжит бус чуулганыг нээсний дараагаар хуралдаж байгаад асуудлаа ярина.

-Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан.  Хуулийн төслийг та харсан болов уу?

-Манайх энэ хуулийн төслийг бүлгээрээ хэлэлцэж, тал талаасаа зөвлөлдөж байгаад санаа бодлоо нэгтгэнэ.

-Валютын  ханш, үнийн өсөлт дээр иргэд бухимдалтай байгаа. Та УИХ-ын гишүүний хувьд  үнийн өсөлт хэрхэн хандаж байна вэ?

-Эдийн засгийн хямрал бодит зүйл мөн үү, яагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа талаар би  байр сууриа илэрхийлж байна. Ер нь санхүүгийн хямрал байхгүй байна гэж хэлэх аргагүй. 

Энэ бол бодитой зүйл. Валютын ханш өсч, гаднаас оруулж ирж байгаа техник тоног төхөөрөмжийн үнэ ч энэ хэрээр өндөр байж таарна. Төсвийн орлого маш ихээр тасалдаж байна. Үүнд гадаадын хөрөнгө оруулалт буурсан гээд олон хүчин зүйл шалтгаална.

-Та тойрогтоо ажилласан уу? Иргэд ямар санал дайж байна вэ?

-Тойргоороо явсан. Иргэд бухимдалтай байна. Хөрөнгө оруулалтыг буурч,  эдийн засаг хямарсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Ер нь хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгах асуудал дээр төр, засгийн зүгээс алдаа гаргаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргасан.

Найман шарга арилжааны төв тав өдрийн өмнөх байдлаар вальютын ханш

Дээр нь Ашигт малтмалынхаа хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Ашиглалтын болон хайгуулын лиценз олгохгүй гурван жил болж, одоо дөрөв дэх жилдээ орж байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байх шалтгаан боллоо.   Урт нэртэй хуулийн хэрэгжилт байна.

Энэ хуулиар том, жижиг компаниудын  үйл ажиллагааг зогсооно, лицензийг нь хураана гээд гадаад, дотоодын   олон хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө оруулалтыг үр дүнгүй болгоход хүргэлээ. УИХ одоо хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгож, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нартаа хууль эрхзүйн таатай боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна.

Хөрөнгө оруулагч нартаа урт, удаан хугацааны тогтвортой байдлыг хангаж өгөх хэрэгтэй байна. Түүнээс бус хаврын тэнгэр шиг өнөөдөр нэг зүйл ярьж, маргааш нь хуулиа өөрчлөөд, өмнөхийг нь хүчингүй болгож болохгүй. Уул уурхайн салбар гэдэг бол урт удаан хугацааны дараа үр дүнг нь амсдаг. Тийм учраас дундуур нь хуулинд өөрчлөлт оруулаад самраад байж болохгүй.

-Хямралаас гарах гарц юу вэ?

-Ер нь хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох, тогвортой хууль эрхзүйн, тогтвортой татварын  орчин хэрэгтэй. Манай  дотоодын компаниуд “төр засаг маань юм л бол  дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод  сүүдэр тусгаад байдаг” гэж ярьдаг.   Хууль эрхзүйн хүрээндээ  л тогтвортой байдлыг төр, засгийн зүгээс хангах хэрэгтэй шүү дээ.

-Танай намын Шинэчлэх хорооны залуус Засгийн газрыг огцууруулах асуудлыг хөндсөн. Энэ асуудлаа танай бүлэг УИХ-д тавих болов уу?

-Энэ асуудлыг олон талаас нь судалж үзнэ. Эдийн засгийн хүчийг сулруулж байгаа Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй.

-Танай намын их хурал удахгүй болно.  Хүн нь өөрчлөгдсөнөөс нам нь шинэчлэгдсэн зүйл алга гэж шүүмжлэгсэд байна. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Аливаа юм хөгжиж  дэвжиж байх ёстой.  Ямар ч улс төрийн хүчин,  байгууллагад шинэчлэл байнга хийгдэж байдаг. Аль нэг удирдлага шинэчлэл хийж чадахгүй байгаа учраас нь хүнийг нь солиод байгаа хэрэг. Шинээр сонгогдсон хүн намд шинэлэг арга барил,  шинэ уур амьсгал  оруулж ирснээр шинэчилж байна гэж үзнэ шүү дээ.  Намыг шинэчилэх ёстойг дэмжиж байна.