Г.Шийлэгдамба: Бусад намын фракцийн алдааг МАХН давтахгүй
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлгэдамба
2013.09.16

Г.Шийлэгдамба: Бусад намын фракцийн алдааг МАХН давтахгүй

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлгэдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын ерөнхий на­рийн бичгийн даргаас экс Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар асуухгүй өн­гөрч боломгүй. Намын нө­хөд тань эргэж очсон, уулз­сан гэсэн. Та уулзав уу. Бие нь ямархуу байна?

-Харамсалтай мэдээ дуулгахад даргын бие тун таа­руухан байгаа. Монголд шинжлүүлсэн онош тэнд ч батлагдсан. Шаардлагатай хэд, хэдэн хагалгаа хийл­гэсэн. Цаашид дахин на­рийв­чилсан эмчилгээнд орох хэрэгтэй гэдгийг эмч нар хэлсэн. Намын нөхөд очиж уулзсан. Харин миний хувьд тодорхой шалтгааны улмаас амжихгүй л байна.

-Цаашид хэр удаан эм­­чилгээ хийлгэх шаард­лага­тай юм бол?

-Энэ тухайд бидний зү­гээс ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй байна. Магадгүй цаашид шат дараалсан эм­чилгээ хийлгэх байх.

-Зарим хүн Н.Энхбаяр даргыг улстөрд эргэн ирэх эсэхэд эргэлздэг боллоо?

-Монголын нийгэм даяа­раа Н.Энхбаяр даргыг улс­төрд эргэн ирэх эсэхийг нэ­лээд анхааралтай ажиг­лаж, хүлээлт үүсээд байгаа нь үнэн. Өөрийнх нь болон гэр бүл, намынхны зүгээс хамгийн түрүүнд эрүүл мэндэд нь илүү ач холбогдол өгч байгаа. Энэ хүн хэзээ эрүүл болно, тэр үед л энэ тухай яригдах байх.

-Гэхдээ түүний хувьд улстөрд орсон ч хуулийн да­гуу төрийн ямар нэгэн ал­бан тушаал хаших бо­ломж­гүй биз дээ?

МАХН

-Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын дарга хэвээр бай­гаа. Тиймээс намын нө­­­хөд­тэйгээ уулзаж, үйл ажил­­­лагаанд санал бодлоо илэр­­­хийлэн оролцох эрх нь нээлт­тэй. Үүнийг зарим хүн янз бүрээр хүлээж авдаг байх. Манай намын гишүүд Н.Энхбаяр даргыг цагаатгах ёстой гэж үздэг. Тиймээс үү­нийг дахин хөндөх учир­тай.

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар бол­лоо. Таны хувьд энд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ээлжит бус чуулганыг ху­ралдуулах эсэх нь УИХ-ын асуудал. Тиймээс бидний зүгээс хөндлөгөөс ямар нэ­гэн байдлаар дүгнэлт өгөх нь зохимжгүй. Гэхдээ миний хувьд улс, эх оронд нийгэм, эдийн засгийн олон хурц асуудал тулгамдаад байгаа учир УИХ-аар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг сайтар ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Таны хувьд дэмжиж бай­гаа юм байна гэж ойл­голоо. Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг яагаад чимээгүй байгаа юм бол. За­сагт хамтарсан болохоор ямар нэгэн байдлаар шүүм­жилж чадахгүй байна уу?

-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн өмнөөс то­­дорхой хариулт өгөх бо­ломж­гүй. Засгийн газарт байгаа манай сайд нарын хувьд хариуцсан салбартаа асуудлыг шийдвэрлэхээр ажил­лаж байгаа. Тэдний өгч буй мэдээллээс үзэхэд УИХ-аар оруулж шийдүүлэх шаардлагатай олон асуудал байгаа юм байна гэж ойл­госон.

Тиймдээ ч ээлжит бус ху­­ралдааныг зарласан нь то­дорхой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Түүнч­­лэн УИХ дээр ч Зас­гийн газрын тайлбарыг сон­­сох хэрэгтэй. Ингэснээр үүс­­сэн нөхцөл байдлыг дав­на. Тэд уялдаа холбоотой ажил­лахаас өөр гарцгүй.

-Монголын эдийн засаг хямарч байна гэж хаа сай­гүй яригдах боллоо. МАХН-аас сонгогдсон эдийн засагч, банкир сайд нар­тайгаа биеч­лэн уулзав уу. Тэд­ний зү­гээс ямар нэгэн тайл­бар хэлж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд Ч.Улаан болон О.Чулуун­­бат сайдаас зарим нэ­­­­­гэн мэ­дээлэл авч бай­сан. Мэ­дээж дэлгэрэнгүй мэ­дээл­­лийг өгөх боломжгүй. Аль ч ор­ны Засгийн газарт эдийн за­саг­тай холбоотой асуу­дал тул­гардаг.

Энэ бол шинэ зүйл биш. Тиймээс дэл­­гэ­рэнгүй тайлбараа УИХ-д та­­нилцуулах байх. Тэ­гээд ч аль нэг улстөрийн хү­чин Засгийн газрын үйл ажил­лагаанд шууд дүгнэлт өгөх нь зохимжгүй.

-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн тухайд хааяа нэг хуралдаж, үйл ажил­лагаа нь явагдаад байх шиг харагддаг. Харин сон­­­­гуульд хамтран орол­цо­хоор гарын үсэг зуралц­са­наас хойш “Шударга ёс” эвс­лийн тэргүүн Н.Энхбаяр эзгүй болж, улстөрийн хүрээнд намжмал байдлыг са­хиад байх шиг санагдах юм. Тус тусдаа үйл ажил­ла­гаа явуулаад байгаа хэрэг үү?

Шударга ёс эвсэл

-УИХ дахь бүлгийн хувьд үйл ажиллагаагаа хэвийн үр­­гэлж­лүүлээд явж байгаа. Гэх­дээ МАХН-ын зүгээс илүү идэвхжүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Тиймээс бүлгийн дарга болон гишүүд энэ тал дээр анхаарч илүү идэвх чармайлттай ажиллах ёстой.

Тухайлбал хийж буй ажлаа олон тайлагнаж, али­ваа үүссэн асуудалд байр суу­риа тодорхой илэрхийлж байх нь чухал. Мэдээж хоёр тусдаа нам болохоор тус тусын үйл ажиллагаа явуу­лах нь ойлгомжтой. Тий­мээс би нөгөө намынхаа үйл ажил­лагааг тодорхойлох бо­ломжгүй.

-Тэгэхээр МҮАН болон МАХН хамтран ажиллахгүй байгаа гэсэн үг үү?

-Хамтын ажиллагаа гээд өнөөдөр тодорхой асуу­дал гар­гаж тавиад хэлэх бо­ломж­­гүй байна. Өнгөрсөн хугацаанд амралтын сарууд үргэлжилсэн. Удахгүй улс­төрийн амьдрал идэвх­жинэ. Тиймээс одооноос л хамтын ажиллагаа эрчим­жих болов уу.

-МАХН дотооддоо бу­сад нам шиг фракцитай бол­чихсон юм уу?

-Манай намд фракц байх­гүй. Нам маань өөрөө ши­нэчлэгдэн зохион бай­гуу­лагдаад хоёр жилийн л хугацаа өнгөрч байна. Бид­нийг фракц гэж ойлговол нэг л фракц. Бусад намд бай­даг энэ алдааг бид давтаж бо­лохгүй. Тиймээс манай намд энэ ойлголт байхгүй.

-Таны хэлж буйгаар фракци гэдэг нь нам доторх алдаа гэсэн үг үү?

-Нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн цөм байх ёстой. Үзэл бодол нэгтэй хү­мүүс нэгдэж улстөрийн нам байгуулдаг. Зарим намд то­дорхой бүлэглэлүүд албан ту­шаалын хуваарилалт, өөр бусад зүйлд ямар нэгэн эрх ашгийг хөндөж тавиад хоо­рондоо элдэв тохироо, яриа хэлэлцээр хийдэг.

Энэ нь өөрөө магадгүй тухайн намыг задлах нөхцөл байдлыг үүс­­гэдэг. Бидний хувьд ил тод ярил­цаж, шүүмжилдэг зүйл бий. Намын хурал ч нэлээд ширүүн болдог. Харин үүнийг нь фракциудын зөр­чил гэж ойлгож болохгүй. Энэ бол эрүүл зүйл.

-Олон фракци байснаас тусдаа нам болоод яв гэсэн үг үү?

-Ер нь улстөрийн на­муу­дын тухай хуульд өөрч­лөлт оруулах ёстой. Үүгээрээ то­дор­хойгүй олон асуудлыг цэгц­лэх учиртай. Тухайлбал санхүүжилтийг ил тод бол­гож, хөрөнгийн өмчлөл, ги­шүүнчлэлийн асуудал гээд авч хэлэлцэх чухал зүйлүүд олон бий. Үүнийг даруйхан нэг тийш нь болгох ёстой.