Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.09.09

Х.Амгаланбаатар: МҮЭХ ард иргэдийнхээ гүүр байгууллага

Ийгл телевизийн Зочны цагт МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянга болсон. Энэ мэдээллээс ярилцлагаа эхлье?

-Энэ оны дөрөвдүгээр сард МҮЭХ, Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагаа явагдаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн ойлголтыг олон нийтэд ялангуяа ажил олгогч нарт зөв ойлгуулах, мэдээлэл өгөх шаардлага бий.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн нь цалин, тэтгэвэрт яаж нөлөөлөх вэ?

-Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалингийн түвшин, тэтгэвэр тэтгэмжийн түвшин харьцангуй доогуур байгаа учраас иргэд ийм хүлээлттэй байхаас өөр аргагүй. Улсын хэмжээний цалингийн дундаж хэмжээ 598 мянган төгрөг байна.

Энэ нь бусад улс орны цалингийн дундаж хэмжээнээс хоёроос гурав дахин доогуур. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр гарсантай холбогдуулж салбар бүр цалингийнхаа доод хэмжээг нэмэгдүүлэх хэлэлцээрийг үр дүнтэй хийх ёстой.

Цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бий болох уу гэсэн маш том хүлээлт манай иргэдийн дунд бий. Бид оны өмнө байгуулсан гурван талт хэлэлцээрээрээ Шинэчлэлийн Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой нэг зүйл дээр хатуу тогтсон.

Цалин тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлт, инфляцийн түвшин, улс орны эдийн засгийн өсөлт гэсэн гурван хүчин зүйлтэй шууд холбож нэмэгдүүлэх үү, бууруулах уу гэдэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Бид энэ хугацаанд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагыг тавиагүй шалтгаан нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт шууд зах зээл дээр өндөр хэмжээнд хүрээгүй учраас хөндөөгүй. Гэхдээ байнга дохио өгч явсан.  

-Нийгэмд МҮЭХ-г хохирлыг барагдуулж, ажилд нь оруулдаг үйл ажиллагаа явуулдаг юм шиг харагдаад байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын өмнө ямар асуудлууд тулгамдаж байна вэ?

-МҮЭ-ийн байгууллагыг энэ өнцгөөр хардаг. Энэ өнцгөөр харж байгааг МҮЭ-ийн байгууллага, удирдлагууд, идэвхтэй сонгуультнууд талархан хүлээн авж байгаа. Учир нь ийм том хүлээлт манай байгууллагаас байдаг юм байна. Ийм хүлээлтийг биелүүлэхийн төлөө явж байгаа юм байна гэдэг өнцгөөс хардаг.

Манай улсын хэмжээний цалингийн дундаж хэмжээ бусад улс орноос хоёроос гурав дахин доогуур.

Бид ажилд нь оруулдаг, хохирлыг нь барагдуулдаг байгууллага биш, хохирлыг нь барагдуулаач, ажилд нь оруулаач, хууль бусаар халсан шийдвэрээ цуцлаач гэдэг шаардлагыг тавьж, гүүр нь болж явдаг төлөөлдөг байгууллага. Бид ард иргэдийнхээ, эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ гүүр болдог байгууллага.

МҮЭХ 2013-2014 онд гурван том зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Нэгдүгээрт монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аливаа шаардлагыг ажлын байр бүр дээр бий болгох,

үйлвэрлэлийн ослыг тэглэх, гуравт нь хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг байгууллага бүр дээр хангуулах, хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, бүтээмжийг үндэсний болон байгууллагын хэмжээний хөдөлгөөн болгох.