Баянхонгор аймагт ХБНГУ-ын шүдний эмч нар ажиллаа
2013.08.08

Баянхонгор шүдний өвчлөлгүй аймаг болно

УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын урилгаар ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” төслийн хүрээнд Монгол, Германы 44 эмч, мэргэжилтэн Баянхонгор аймгийн 20 сум, нэг тосгонд өнгөрсөн сарын 19- нөөс шүдний үзлэг эмчилгээ хийж байна.

Орон нутгийн иргэдийг эрүүлжүүлэх ажил аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байдаг. Мөн Эрүүл мэндийн яам, ЭМШУИС-ийн Нүүр, ам судлалын сургууль, ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” төслийн хамтарсан баг шүдний өвчлөлтэй 7000 гаруй иргэнд 14 хоногийн хугацаанд эмчилгээ хийжээ.

Одоогийн байдлаар сум дундын эмнэлэг болох аймгийн төвийн хоёр баг, Богд, Баянцагаан суманд явуулын шүдний эмнэлгийг ажиллуулж буй аж. Баянхонгор аймаг улсын дундажтай харьцуулахад шүдний өвчлөлөөр дээгүүрт ордог.

Иймд иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох ажилд түлхүү анхаарах шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд сануулсан бөгөөд аймгийн удирдлагууд Баянхонгор аймгийг шүдний өвчлөлгүй жишиг аймаг болгох зорилго тавин 2015 он хүртэл хамтарч ажиллахаар болжээ.