Баянзүрх сум байгуулагдсаны түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье
Төрөлх нутгаараа овоглож, уул ус, ургамал ногоо жигдэрсэн үзэсгэлэнтэй сайхан нутгаараа овоглож, сумынхаа нэрийг ажил хөдөлмөрөөрөө өндөрт өргөж ирсэн азай буурлууд, ахан дүүс, нийт иргэд, малчиддаа Баянзүрх сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Баянзүрх сумын үзэсгэлэнт уул ус, өвөг дээдсийн уламжлан үлдээсэн түүх соёл, Дархад зоны уламжлал,т ёс энэ нутгаар овоглодог хүн бүрт ээл ивээл, ач буянаа хайрласаар байна. Эрдэмтэн мэргид, Төр нийгмийн зүтгэлтнүүд, Улсын аварга, сайн малчин, тариаланч олон арваараа төрөн гарсныг та бид үеийн үед бахархан, үйлс замналыг нь үр хойчдоо хэлж, ярьж өгөх, бичиж тэмдэглэн үлдээх нь нэн чухал билээ.
Ойгоо угтан Эрхэм зочдоо угтах ажил ид өрнөж байх үед миний бие Баянзүрхчүүдтэйгээ халуун дотно уулзалт хийж санаа бодлыг нь сонслоо. Сумынхаа 80 жилийн ойд зориулан олон сайхан ажлыг санаачлан эхлүүлж буй талаар надад танилцуулж, миний зүгээс ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхэд нь зориулж хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөлөө.
Хөвсгөл аймаг Баянзүрх сум
2011 онд Нутгийн Зөвлөлийн даргын хувьд “Дархад хурд” наадмыг Улаан-Уул суманд амжилттай зохион байгуулж, Дархад нутгийн хүчтэн, Монгол Улсын заан Г.Элбэгийн хөдөлмөр алдрыг хамтатган өргөн дэлгэр сайхан наадсаныг та бүхэн санаж байгаа байх.
Мөн энэ жил намайг “Дархад зон” нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр итгэл хүлээлгэн сонгосонд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Усан Могой жилийн сар шинийн баяраар Дархад түмний золголтод хүрэлцэн очиж нийслэлд амьдарч байгаа болон нутгаасаа ирсэн ахмадуудтайгаа гар зөрүүлэн золголоо.
Ингэж л нэгдэж, нягтарч байж гэмээнэ Дархад түмний соёл уламжлал хойч үедээ өвлөгдөж, нутгийн хөгжил хурдсах сайхан боломж бүрдэнэ гэж бодож байна.
Алдар гавьяагаа үнэн зөвөөр үнэлүүлж чадаагүй, эрхэм сайхан хүмүүсийнхээ ажил үйлсийг улам тодотгож үр ачид нь үлдээх хэрэгтэй, дарга удирдлагууд дэмжиж ажиллах ёстой. Түүх удах тусам улам үнэ цэнэтэй болдог. Миний хувьд ч Баянзүрх сумынхаа хөгжлийн түүхэнд өөрийнхөө хувь нэмрийг оруулахын тулд хичээн ажиллаж байна. Баянзүрх сумынхан маань надад итгэл хүлээлгэн 2012 оны УИХ-ын сонгуульд дэмжиж сонгосон нь ихийг хий, нутгаа хөгжүүл гэсэн үүрэг хэмээн ойлгож явдаг.
Миний бие 2012 онд Мөрөн-Тосонцэнгэл-Тариалангийн хатуу хучилттай 171 км авто замын ажлыг эхлүүлж, өдгөө замын ажил эрчимтэй хийгдэж байна. УБ-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх талаар Хөгжлийн сайдад санал тавьж, зураг төсвийн судалгаа хийлгэж байна.
Цацын булангийнгүүрний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаа. Тун удахгүй та бид стандартад нийцсэн төмөр бетон гүүртэй болно. Алслагдсан томоохон багуудаа үүрэн холбооны сүлжээгээр хангалаа. Ойрын хугацаанд аймгийнхаа хөдөөгийн 88 багийг үүрэн холбоогоор бүрэн холбоно.
Баянзүрх сумын Дэлгэр мөрөн дээр гүүр тавих ажлыг судалж, хөрөнгө оруулалтыг тусгуулахаар ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна.
УИХ-ын гишүүний цалингаараа “Оюунлаг Хөвсгөлчүүд” сан байгуулж аймгийнхаа шилдэг 100 оюутанд жил бүр сургалтын тэтгэлэг олгож байна. Миний санаачлан хэрэгжүүлж буй “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд бүх суманд шилэн кабель орууллаа. Ингэснээр сургууль, эмнэлэг, төрийн байгууллагуудыг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэх боломж бүрдэж байна.
Сум болгонд Цахим хаяг нээж төрийн байгууллагуудын уялдааг сайжруулж, мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжийг бүрдүүллээ.
Мөн малчдынхаа нийгмийн даатгал, Иргэний эрүүл мэндийн тогтолцоог тэгш хүртээмжтэй, чанартай болгох, үр хүүхдийн тань боловсрол олж авах тогтолцоог шинэчлэх, эмч, багш, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.
Арвин баялаг түүхтэй Баянзүрх сумынхаа хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, хийж бүтээхийн төлөө үйлс зорилгоо нэгтгэж, эх сайхан нутгийнхаа байгаль орчныг хайрлан хамгаалж, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нь та бидний эрхэм үүрэг мөнөөсөө мөн.
Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Баянзүрхчүүд төрөлх нутагтаа цуглаж, хөгжлийн шинэлэг санаа, олон сайхан шийдлүүд гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Баянзүрх сумынхаа зон олон та бүхэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН