Их хурал 1143 гишүүнтэйгээр хуралдана
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Бага хурлын гишүүн Б.Амарсанаа нар Бага хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. МАН-ын Бага хурал энэ удаагийн хуралдаанаар УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нам яаж оролцсон, үр дүн, ялагдлын шалтгаан цаашдын зорилгоо тодорхойлсон намын даргын илтгэлийг авч хэлэлцсэн.
Мөн “Шинэчилье” хорооны илтгэлийг авч хэлэлцлээ. Намын гишүүд энэ хоёр сонгуульд хариуцлагатнууд яаж оролцсон, хүн бүрийн оролцоо ямар байсныг авч хэлэлцсэн бөгөөд хамгийн гол зорилго нь Их хурлыг товлон зарласнаа онцоллоо.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Намын их хурлыг хуралдуулах цаг болсон. Орон нутгийн сонгуулийн дараахан хуралдуулна гэж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хойшлуулсан байсан. Энэ дагуу Бага хурал хуралдсан.
Намын 27-р Их хурлаа ирэх аравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар товлолоо. Мөн Бага хурлаар улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ч ярилцсан.
Бага хурлын гишүүдээс Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, 1143 гишүүнтэйгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр болсон. Ялангуяа намын анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү 1143 төлөөлөгчийг хэрхэн сонгох журмыг мөн Бага хурлаар баталсан” гэлээ.
Намын 27-р Их хурлаа ирэх аравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар товлолоо.
Бага хурлаар ярьсан дараагийн онцлох асуудал нь улс орны нийгэм эдийн засгийн байдал, тэр дундаа төсөв мөнгө, эдийн засгийн байдал ард түмний аж амьдралд яаж нөлөөлөхийг чухалчилж ярьсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийх ёстой гэдгийг Бага хурлаас шийдвэр гаргасан байна.
Намын дотоод асуудлаас илүү нам үүнд анхаарч ажиллах ёстой гэсэн бөгөөд намын бүлгийг ажилд нь оруулах, намрын чуулганы хэлэлцэх асуудал, бүлгээс намрын чуулганд өргөн барих төслүүдийг бэлтгэх зэрэг өмнө тавьсан зорилтоо сайн биелүүлсэн гэдгийг Ө.Энхтүвшин дарга онцолж хэллээ.
Бага хурал намын шинэчлэлийг гол зорилго болгоогүй бөгөөд Их хурлыг товлон зарлах нь нэн чухал асуудал байсан гэлээ.