Шарилжны харшлаар өвчлөгсдийн 80 гаруй хувь нь нийслэлчүүд
Шарилж
2013.08.07

Шарилжны харшлаар өвчлөгсдийн 80 гаруй хувь нь нийслэлчүүд

“Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар” аянд нэгдэхийг хүссэн яам, тамгын газар, албан байгууллага, хамт олон, хувь хүмүүс хүсэлтээ ирүүлсээр байна.

Мөн манай аянд нэгдэхийг хүсч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт хандан уриалга хүргүүлж байна. ҮХААЯ-наас харьяа байгууллагууддаа албан тоот хүргүүлжээ.

Энэхүү албан тоотод “Улаанбаатар хотын иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлын эмгэгээс хамгаалах зорилготой “Ша­рилжгүй Улаанбаатар” аянг “Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтын хамт олон санаачилсан байна.

Тэдний санал санаачилгыг дэмжиж, байгууллагынхаа, ойр орчмын шарилжийг түүх ажилд идэвхтэйгээр оролцоно уу. Мөн наймдугаар сарын 10-ны өдрийн 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд болох арга хэмжээнд байгууллагын төлөөллөө явуулна уу” гэсэн байна.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улаанбаатарчуудыг энэхүү аянд идэвхтэй нэгдэж, оролцохыг уриаллаа. Бидэнтэй нэгдсэн байгууллага, хувь хүмүүсийг бид ирэх бямба гаригийн 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугларч,  шарилж, хогийн ургамлыг хамт түүхийг уриалж байгаа юм.

“Шарилжгүй Улаанбаатар” аянд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон нэгдэж, аянд оролцсон хүмүүст 7000 төгрөгийн үнэтэй, хоёр тоглоом дээр тоглох 500 ширхэг тасалбар хандивласан бол Сонгинохайрхан дүүрэгт байрлах “SS” эмийн сангийн хамт олон 100 мянган төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний амны хаалт хандивласан юм.

Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарынхаа хамт олноороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, НАМЗХ-ныхон энэхүү аянд нэгдэхээ илэрхийллээ.  Цахим ертөнцийнхөн, нийслэлчүүд тэр аяараа энэхүү аянаар “давалгаалж” байна. 

“Шарилжгүй Улаанбаатар” аянаас жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг шарилж түүх өдөр болгон зарлажээ.

“Шарилжгүй Улаанбаатар” аян цаашид ч үргэлжлэх бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг шарилж түүх өдөр болгохоор зарлаж буй. Нийслэлээ хогийн ургамалгүй, нийслэлчүүдээ харшлын өвчингүй болгохын төлөөх үйлсэд нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна.

УКТЭ-ийн харшлын кабинетэд сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хийсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгсдийн 80 гаруй хувийг Улаанбаатар хотын иргэд эзэлж байгаа нь тогтоогджээ.

Манай улсад ургамлын тоосны харшил, түүний дотор шарилж, луулийн тоосноос үүдэлтэй өвчлөл жил ирэх бүр ихэсч, анх удаа үзүүлэгчдийн жилийн дундаж тоо 350.8 байгаа бөгөөд жилдээ 700-1000 хүн анхлан өвддөг байх магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.

Шарилж, луулийг бид бүхэлд нь хогийн ургамал гэж нэрлэдэг. Энэ хогийн ургамлыг түүж устгахаас өөрөөр ургамлын харшлын өвчинтэй тэмцэх аргагүй. Энэ жил, дараа жил, тэрний дараа жил хотын гудамж, талбайн шарилжийг түүж устгах ажлыг бодит ажил хэрэг болгоцгооё.

“Шарилжгүй Улаанбаатар” аян ямар нэг шоу, баяр ёслолын арга хэмжээ бус жинхэнэ ажил хэрэгч, үр дүнтэй, нийгмийн эрүүл мэндэд тустай аян байх юм.