Эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт 147 орыг эмнэлгүүдэд өгчээ
Эрүүл мэндийн яам
2013.08.06

Эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт 147 орыг эмнэлгүүдэд өгчээ

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3” төслийг 2008-2013 онд хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт 147 орыг Архангай, Говь-Алтай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгууд болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хүлээлгэн өгсөн байна.

Эдгээр орнууд өвчтөний тав тух болон эмч ажилчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд хэр нийцтэй байгааг үзэхээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3” төслийн удирдагч Б.Булганчимэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийг зорьсон юм.

Тус төвд 19 ширхэг ор өгсөн бөгөөд эрчимт эмчилгээ, мэдрэлийн тасгууддаа эдгээр орнуудаа байрлуулсан байна.

Эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт ор

Эмч, сувилагчдад эмчилгээ, сувилгаа хийхэд тохиромжтой, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж чадсаны зэрэгцээ өвчтөнүүд ч ам сайтай байгааг тус нэгдлийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ж.Болортуяа хэлж байлаа.

Энэхүү YFC-361B загварын орыг БНХАУ-ын YONGFA MEDICAL EQUIPMENT компанид үйлдвэрлэжээ.

Эмнэлгийн зориулалттай учраас толгой хэсгийг дээш өргөж буулгах, хөлийн хэсгийг амрааж өвдөгний тахим хэсгийг өндөрлөх, буулгах үйлдлүүдийг хийхэд шаардлага хангах механик, 3 үйлдэлтэй ор юм.

Мөн дуслын хөл болон хүнд өвчтөн өөрөө татаж босоход зориулагдсан бариул зэрэг нь орны толгой хэсэгт бэхлэгдсэн байна. 200 кг-ийн даацтай уг орны хэвтэх тавцанг зэвэрдэггүй гангаар, хөндлөн хэсгийг дээд зэргийн чанартай пластикаар бүржээ.

Эвхэгддэг, хөнгөн цагаан хайлшин хашлагатай, дөрвөн дугуйтай, 12 см-ын зузаан бүхий ус, чийгийн хамгаалалттай зөөлөн матрас болон өвчтөний орны дэргэд хоол идэхэд тохиромжтой ширээ байх ажээ.

200 кг-ийн даацтай уг орны хэвтэх тавцанг зэвэрдэггүй гангаар, хөндлөн хэсгийг дээд зэргийн чанартай пластикаар бүржээ.

Энэхүү төслийн дагуу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, даатгалын тогтолцоог сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, салбарын хөгжил менежментийг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чухал ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын багагүй ажил хийгдсэн байна.

Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Төв, Дундговь, Сүхбаатар аймагт тус бүр хоёр өрхийн эмнэлгийг шинээр барьж, 10 сум, сум дундын эмнэлгийн барилгыг засварлажээ. Сумын 37 эмнэлгийг ундны усны эх үүсвэртэй болгосон байна.

Мөн одоогоор сумын 90 эмнэлэг, нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн өрхийн 60 гаруй эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил явагдаж байгаа ажээ.