Уул уурхайн сайд хагас кокс болон шахмал түлшний үйлдвэрийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.08.07

Уул уурхайн сайд хагас кокс болон шахмал түлшний үйлдвэрийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулж байгаа 210 000 тонн хагас коксон түлшний үйлдвэр байгуулах төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. 

Үйлдвэрийн төслийн талаар Аморе интернэшнл ХХК-ний Ерөнхий захирал Ж.Баатарсүрэн танилцуулав. Одоогоор хагас коксыг шахаж бүхэллэг, шахмал болгох зориулалт бүхий брикетийн цехийн барилга байгууламж, холих, шахах, хатаах, агуулахын тоног төхөөрөмж угсралтын ажил бүрэн дууссан байна.

Барьцалдуулагч шингэн шилний үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажил болоод Станцын IV зуухнаас гарах хагас коксыг тээвэрлэх, дамжуулах, хадгалах бункерийн хэсэг, “ДЦС-2 “ТӨХК-ийн нүүрс хүлээн авах, дамжуулах цехийн өргөтгөлийн ажил 90 хувьтай байгаа талаараа танилцууллаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хагас кокс үйлдвэрлэн гаргахад тулгараад байгаа асуудлыг тодрууллаа. Аморе интернэшнл ХХК-ний Ерөнхий захирал Ж.Баатарсүрэн хэлэхдээ Төслийн хүрээнд БКЗ-75-39 ФБ маркийн 2 зуухыг энерго-технологийн горимд оруулан өөрчлөхөөс 4-р зуухны өөрчлөлтийн ажил огт эхлээгүй, 5-р зуухны өөрчлөлт, туршилтын ажил хийгдэж байна.

Төслийн эцсийн зорилго бол Улаанбаатарын утааг багасгах, гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр хангах явдал юм.

5-р зуухыг өөрчлөх техникийн ажил 2011 онд бүрэн хийгдэж хагас кокс үйлдвэрлэх, туршилтын ажил 2012 оны хоёрдугаар сараас эхлэн хийгдэж байгаа. Одоогийн байдлаар хагас кокс боловсруулах технологийн эцсийн шийдэлд хүрээгүй байна гэлээ.

Уул уурхайн сайдын зүгээс энэ төслийн эцсийн зорилго бол Улаанбаатарын утааг багасгах, гэр хорооллын иргэдийг шахмал түлшээр хангах явдал юм. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд оролцогч талууд хамтын ажиллагаандаа оновчтой шийдэл гаргахыг онцлов. Мөн яамтай байгуулсан гэрээ дуусаж байгааг анхаарууллаа.